НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 12 сарын 11 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6429555
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
2005-2006 оны хичээлийн шинэ жилийн зорилт, түүнийг хэрэгжүүлэх
Нийтэлсэн: 
Огноо: 2005-11-02

Монгол улсын Засгийн газрын гишүүн, БСШУ-ны сайд П.Цагаан

2005-2006 оны хичээлийн жил нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, ерөнхий боловсролын сургуулийг 11 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлж байгаа, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын шинэ стандарт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлж байгаа хичээлийн жил, Монголын тулгуур төр байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх хичээлийн жил болж байгаагаараа онцлог юм.

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 710 сургуульд 550.0 гаруй мянган хүүхэд суралцахын дээр 1 дүгээр ангид 7 настай 50.0 гаруй мянган хүүхэд элсэн орж эрдэм номын ариун далайд сэлж эхлэх болно. 700 шахам цэцэрлэгт 90.0 мянган хүүхэд хүмүүжнэ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт 22.0 мянган багш, сурган хүмүүжүүлэгч ажиллана.

2005-2006 оны хичээлийн жилд “Боловсролын тухай” багц хуулиудад зохих нэмэлт өөрчлөлт оруулж, ”Монгол улсын боловсролыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г боловсруулан батлуулж, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн эрх зүйн актуудыг шинэчлэн болон шинээр боловсруулж хэрэгжүүлж эхэлнэ.

Ерөнхий боловсролын сургуулийг 11 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх графикийн дагуу 3-10 дугаар ангиудыг шилжилтийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр хичээллүүлж, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын шинэ стандартыг хэрэгжүүлж эхэлнэ. Энэхүү стандарт нь суралцагчдад шаардлагатай мэдлэг эзэмшүүлэхийн зэрэгцээ тэдэнд чадвар, дадал эзэмшүүлэхэд илүү их чиглэгдэх болно.

Боловсролын шинэ стандартыг хэрэгжүүлэхэд манай багш нар голлох үүргийг гүйцэтгэнэ. Энэ нь багш бэлтгэх ажлын чанарыг сайжруулах, багш бэлтгэдэг сургуулийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсронгуй болгож, бүх шатны сургуулийн багш нарын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулна гэсэн үг.

Хөдөө, орон нутгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн багш дутагдсан хэвээр байна. Орон нутгийн сургуулийг мэргэжлийн багшаар хангах, хэд хэдэн хичээл заах чадвартай багш бэлтгэх, багшийн мэргэжлийн ёс зүйг дээшлүүлэх шаардлагатай болж байна. Энэ хичээлийн жилээс багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг гаргаж мөрдөх болно. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн мэргэжлийн багшийн хангалтыг 98.5 хувьд хүргэх зорилт тавьж байна.

Бага, дунд боловсролын шинэ стандарт, агуулгын үлгэрчилсэн хүрээ, сургалтын төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэх нөгөө нэг нөхцөл нь сайн, чанартай сурах бичиг гэж үзэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн шинэчлэлийг эхлэсэн гэж хэлж болно. Сурах бичиг бичих ажилд манай дунд сургуулийн багш нар идэвхтэй оролцлоо. 17 нэрийн хувилбарт сурах бичгүүд хэвлэгдэн гарч сурагчдын гар дээр очиж байна. Бага орлоготой өрхийн хүүхдэд сурах бичгийг эрхийн бичгээр олгож эхэлнэ.

Энэ хичээлийн жилд сурах бичгийн шинэчлэлийг гүнзгийрүүлэн өргөжүүлэх бөгөөд 2006 онд 27 нэрийн сурах бичгийг хэвлэн гаргана. Хэвлэгдэх сурах бичгүүдийн эх загвар бэлтгэх уралдааныг зарлаад байна. Манай багш, эрдэмтэд, заах аргачид сурах бичиг бичих ажилд илүү өргөн оролцохыг уриалж байна.

”Боловсролын телевиз”-ийг байгуулж, сурагч, багш нарт зориулсан хичээл заах, хүүхэд, залуучууд, иргэдэд зориулсан зайны сургалт явуулах замаар багш, суралцагч, эцэг эх, иргэдийн боловсролын түвшинг дээшлүүлэх болно. Энэ талаар БНСУ-ын Боловсрол, хүний нөөцийн хөгжлийн яамтай хамтран ажиллах хөтөлбөрт саяхан гарын үсэг зурлаа.

Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлж дүгнэх болон төгсөлт, элсэлтийн шалгалтын тогтолцоог боловсронгуй болгож, сурагч, оюутны дүнгийн нууцлалыг буй болгоно. Энэ хичээлийн жилээс бүрэн дунд боловсрол эзэмшигчдээс авах шалгалтын тоог нэмэгдүүлэх бөгөөд элсэлт, төгсөлтийн шалгалтыг нэгтгэн хөндлөнгөөс авч, их, дээд сургууль, коллежид түүний үнэлгээгээр элсүүлдэг журамд шилжинэ.

Бага, суурь, бүрэн дунд боловсролын англи хэлний стандартыг боловсруулах, англи хэлний сургалтын чанарыг дээшлүүлэх, багш нарын хүрэлцээ хангамжийг сайжруулах, сургалтын орчинг сайжруулах талаар энэ хичээлийн жилд нилээд зүйлийг хийхээр төлөвлөж байна. Энэ манай сургууль, багш нарын санаачлага ихээхэн чухал гэдгийг онцлон дурдмаар байна.

Ерөнхий боловсролын сургуулийн компьютерийн лабораторын стандартыг батлан гаргаж, сургуулиудыг компьютероор хангах, интернэтэд холбох ажлыг өргөтгөнө. БНСУ-аас бэлэглэсэн 2000 компьютерүүдыг сургуульд хуваарилан олгож байна. Ингэснээр ерөнхий боловсролын нэг сургуульд дунджаар 6 компьютер ногдож байсан бол одоо 9 ногдох болж байна.

Компьютерийн хангамжийг сайжруулахын зэрэгцээ түүний хэрэглээг нэмэгдүүлэхийг зорьж байна. Цахим сургалтын арга зүй, технологийг нэвтрүүлэх, сургалтын үзүүлэн, сургалтын хэрэглэгдэхүүн, ном, сурах бичиг, гарын авлагыг электрон хэлбэрээр бэлтгэх ажлыг өргөтгөж, багш, сурагчдыг Е-майл хаягтай болгож эхэлнэ.

Монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг энэ хичээлийн жилийн туршид хийх болно. Энэ ажлын хүрээнд монгол бичгийн сургалтыг чанарыг сайжруулах, хүүхэд, багачууд, иргэдэд монгол бичиг сайн сургасан багш, оюутан, сурагч, иргэдийг урамшуулан дэмжих, монгол бичгээр гарч байгаа сонин сэтгүүл, хэвлэлийг өргөн захиалан унших хөдөлгөөн өрнүүлэх нь зүйтэй юм.

Эх орон, ахмад үе, хийж бүтээснээрээ бахархах, ард түмний дэвшилтэт зан заншил, уламжлалыг сэргээх, түүнийг хичээл бүрийн агуулгад оруулан судлах, бусад ард түмэнтэй ойртон нягтрах ажлыг ойн арга хэмжээний хүрээнд хийхээр төлөвлөж байна.

Сургууль завсардах явдлыг зогсоох, сургууль завсардсан хүүхдийг сургуульд нь буцаан авч суралцуулах, 7 настай хүүхдийг сургуульд бүрэн хамруулах, зохих шатны боловсрол эзэмшээгүй хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдэд боловсрол нөхөн олгох ажлыг энэ хичээлийн жилд өргөжүүлэн сайжруулах болно.

Бүх нийтийн боловсролын судалгааг хийсний үндсэн дээр “Бүх нийтийн боловсролын үндэсний төлөвлөө”-г боловсруулан гаргах болно. “Бичиг үсгийн боловсролын үндэсний хөтөлбөр” болон “Бүх нийтийн боловсролын үндэсний төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд бүх шатны төр, захиргаа, олон нийт, боловсролын байгууллага, эцэг эх, багш нарын хамтын ажиллагааг чиглүүлж, суурь боловсролын хамран сургалтыг 91.6 хувьд хүргэж, 15 ба түүнээс дээш насны бичиг үсэг үл мэдэгчдийн тоог 25 хувиар бууруулна.

Ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчдыг дүрэмт хувцастай болгох арга хэмжээг сургууль, багш, эцэг эхийн саналын үндсэн дээр сургуулийн зөвлөлийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ.

Бүх шатны сургуулийн дотуур байрны орчин нөхцөл, үйлчилгээ, хоол хүнсний хангамжийг суралцагчийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагад нийцүүлэн сайжруулна. Энэ зорилтын хүрээнд хүүхдийг хичээлийн үед нь халуун аарц, цай, хоолоор үйлчлэх ажлыг хийвэл зохино. Энэ талаар санаачлага гаргавал хэрэгжүүлж болох нөөц бидэнд бий. Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх ажлын хүрээнд “Ерөнхий боловсролын тэргүүний сургууль” шалгаруулах уралдаан зарлаж дүгнэх болно.

Энэ жил улсын төсөв, Азийн хөгжлийн банкны зээл, Нордикийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ерөнхий боловсролын 19 сургууль, цэцэрлэгийн хичээлийн болон дотуур байрын барилгыг шинээр барих, өргөтгөх ажлыг хийж байна. Ачаалал ихтэй төв, суурин газрын сургуулийн хичээлийн болон дотуур байрыг өргөтгөх, шинээр барих, хөдөөгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрын барилгыг засварлахад 2006 онд улсын төсвийн хөрөнгөөр 7.8 тэрбум, гадаад орон, олон улсын байгууллагын зээл, буцалтгүй тусламжаар 17.7 тэрбум төгрөг зарцуулах болно. Үүний үр дүнд суралцагчдын сурч амьдрах орчин нөхцөл сайжрахын дээр хичээлийн байрын хүчин чадал нэмэгдэнэ.

Энэ хичээлийн жилд тавьж байгаа зорилт ихээхэн шахуу учраас биднээс их тэвчээр зориг, уужим бодол санаа, зоримог бүтээлч үйл ажиллагаа шаардах болно.

2005-2006 оны хичээлийн жилд тавьсан зорилтуудыг бүрэн ханган биелүүлж, боловсролын шинэчлэлийг гүнзгийрүүлэх, бүх шатны сургуулийн сургалтын чанарыг сайжруулахын төлөө бүх нөөц, хүч чадал, оюун ухаанаа дайчлан ажиллахыг нийт багш, сурган хүмүүжүүлэгч, суралцагч, төр, захиргаа, олон нийт, боловсролын байгууллагын ажилтан, аж ахуйн нэгж, иргэд, эцэг эхчүүдэд уриалж байна.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  12 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?