НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 01 сарын 19 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5692026
Зочин: 4
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Ерөнхий боловсролын сурах бичгийн чанар, хvрэлцээ, хангамжийн байдал
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2006-09-17
Г.Батболд
БСШУЯ-ны Эдийн засаг, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн

Абсракт
Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хүрэлцээ, хангамж, чанарыг сайжруулах асуудлыг авч үзэж, сурах бичгийн хүрэлцээ, хангамжийг дээшлүүлэх, сурах бичгийн чанарыг сайжруулах, сурах бичиг судлалыг хөгжүүлэх талаар тодорхой санал дэвшүүлсэнд энэхүү илтгэлийн ач холбогдол оршино.

ОРШИЛ

Сурах бичгийг шинэчлэх асуудал нь тухайн улс орны нийгэм, улс төрийн тогтолцоо, боловсролын талаар төрөөс баримталж байгаа бодлогоос шууд ба шууд бус шалтгаалдаг. Иймд энэ үйл ажиллагааг өргөн цар хүрээтэй, сурах бичиг зохиох, эх бэлтгэх, хэвлэх, хэрэглэгчдэд хүргэх, худалдан борлуулах цогц асуудал гэж ойлгож болно. Сурах бичиг хэвлэх үйл ажиллагаанд нэг талаас захиалагч, зохиогч, дизайнер, редактор, түгээгч зэргийг хамарсан хэвлэн нийтлэх газар, нөгөө талаас хэвлэх үйлдвэр, түүний түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгч, гааль, агуулахыг хамарсан төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүс ч оролцдог.

Сурах бичиг гэдэг бол тухайн шинжлэх ухааны агуулгыг хэрэглэгч буюу суралцагч нэг бүрт хүргэх ёстой, ерөөсөө багш нар, суралцагч, эцэг эх, хэн хүнд ойлгомжтой, гэхдээ шинжлэх ухааны нэр томъёогоор илэрхийлэгдсэн хэл найруулгатай, зохиогчийн төдийгүй, дизайнер, шинжээч, редакторуудын хамтын бүтээл билээ.

1998 оноос хойш ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай 110 сурах бичгийн 70 гаруй хувийг шинэчлэн хэвлүүлсэн нь томоохон ололт бөгөөд сурах бичгийн өнгө үзэмж, чанар ч зохих хэмжээгээр сайжирлаа. Улсын төсвөөс жилд 1 тэрбум шахам төгрөгийг сурах бичиг хэвлүүлэхэд зарцуулж байна. Азийн хөгжлийн банкны туслалцаатай хэрэгжиж байгаа Боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар ахлах ангийн нилээд сурах бичгийг хэвлэн гаргалаа. Сүүлийн жилүүдэд сурах бичгийн хүрэлцээ, хангамж зохих хэмжээгээр сайжирсан гэж хэлж болно.

Гэсэн хэдий ч ерөнхий боловсролын сургуульд хэрэглэгдэх сурах бичгийн хүрэлцээ, хангамжийн асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй байна.

Сурах бичиг хангалт, түгээлтийн өнөөгийн байдал

Сурах бичгийн талаар баримтлах чиглэл гэсэн бодлогын баримт бичгийг 2000 оноос боловсруулан мөрдөж байгаа боловч бүрэн утгаараа хэрэгжиж чадахгүй байгаагаас дараах бэрхшээлүүд бий болж байна. Үүнд:

  1. Сургалтын агуулгын шинэчлэлийн үзэл санаанд нийцэхүйц сурах бичгийн эх хангалттай ирэхгүй байгаа
  2. Сурах бичиг тус бүрд хийсэн судалгаа үгүйгээс түүнийг хэрхэн шинэчлэх тухай тодорхой удирдамж болохуйц мэдээллийг уралдаанд оролцох эх зохиогчдод өгч чадахгүй байгаа
  3. Сурах бичгийн хэвлэлийн эхийг хэвлэх үйлдвэрүүд зохиогчидтой хамтран бэлтгэж, хэвлэж байгаагаас сурах бичгийн хэвлэлийн хуудасны тоог нэмэгдүүлэх сонирхол эх зохиогчид болон хэвлэх үйлдвэрүүдэд их байгаа.
  4. Сурах бичгийг олон хувилбартай болгох механизм, санхүүгийн боломж бүрдээгүй зэрэг болно.

Сурах бичгийн хүрэлцээ хангамжийн байдлыг Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн зарим сургуулиуд, нийслэлийн 6 дүүргийн сургуулиуд дээр судлан үзэхэд зарим сурах бичгийн хүрэлцээ хангамж тааруу байна. Дээрх аймгуудад 3-4 дүгээр ангийн монгол хэл, математикийн сурах бичиг хүрэлцээгүйгээс 2-3 хүүхэд дундаа нэг сурах бичиг хэрэглэж байгаа ба ийм байдал Говь-Алтай, Завхан аймгийн сургуулиудад ч байгаа юм.

Аймаг, нийслэлээс яаманд ирсэн ЕБС-13 мэдээний 1-10 дугаар ангийн сурах бичгүүдээс заримыг нь сонгон түүвэр судалгаа хийхэд 2000-2001 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 59025 хүүхэд суралцаж байгаа бөгөөд сургуулийн номын санд математикийн хичээлийн 61966 ширхэг сурах бичиг байгаагийн 49289 сурах бичгийг хүүхдэд тарааж өгсөн, мөн ашиглах боломжгүй болсон сурах бичиг номын санд 9560 байгаа нь нийт сурах бичгийн 19.4 хувь болж байна. Эндээс үзвэл 1 дүгээр ангийн 50244 хүүхэд математикийн сурах бичигтэй, 8781 хүүхэд сурах бичиггүй байсан тооцоо гарна.

Бага ангид унших хичээлийн сурах бичиг хамгийн түрүүнд ашиглагдах аргагүй болдогийг сургуулийн номын санд ашиглагдах боломжгүй болсон 12228 ширхэг унших бичиг хадгалагдаж байгаагаар нотолж болох юм.

Ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар ангийн унших бичгийн хангалт 79.3 хувьтай байгаа бөгөөд 4-р ангийн сурах бичгийн хангалтыг жишээ болгон авья.

1 дүгээр хүснэгт

Сурах бичгийн нэр Сурагчдын тоо Байгаа сурах бичиг Дутагдах Хангалтын хувь
1
Монгол хэл 56588 40998 15590 72.4
2
Унших 56588 39434 17154 69.7
3
Математик 56588 38708 17880 68.4
4
Түүх 56588 23032 33556 40.7

Эндээс 4 дүгээр ангийн үндсэн нэрийн сурах бичгүүдийн хангалт муу гэсэн үнэлгээ гарсан учир. энэ байдалд дүгнэлт хийж, монгол хэл, унших, математикийн сурах бичгүүдийн эх зохиох уралдааныг дүгнэж зарласанаар монгол хэл, уншихын сурах бичгүүд эх бэлтгэлийн шатанд, математикийн сурах бичиг хэвлэлтэнд шилжээд байна. Төв аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 4 дүгээр ангид суралцдаг 2375 хүүхдээс түүхийн сурах бичиггүй хүүхэд 721 байгаа бөгөөд хангалт 60.3 хувьтай байна.

Дунд, ахлах ангийн хичээлийн сурах бичгүүдийн хангалтыг авч үзэхэд 5-р ангийн монгол хэл, 6 дугаар ангийн түүх,7 дугаар ангийн физик, 8 дугаар ангийн уран зохиол, алгебр, түүх, 9-р ангийн монгол хэл, 10-р агийн газар зүйн сурах бичгүүд үлдэгдэл байхгүй, 9-р ангийн алгебрын үлдэгдэл 15.0 мянга, 10-р ангийн физик эх зохиох шатанд, 9-р ангийн мэдээлэл зүйн эх зохиогдож байгаа бол 7дугаар ангийн хими, алгебр, хими, 9-р ангийн физикийн сурах бичиг шинээр хэвлэгдэнэ.

Аймаг, нийслэлийн боловсрол, соёлын төвүүд хэвлэгдсэн сурах бичиг бүрийг цаг тухайд нь татан авч чадахгүй байгаа нь унааны бэрхшээлд захирагдсан хэрэг бөгөөд тиймээс ч хэд хэдэн сурах бичгийг бөөгнүүлэн татаж авдаг юм. Иймд сурах бичгийг хэвлэлээс гарсан даруйд нь сургуулиудад цаг алдалгүй хүргэдэг тогтолцоог бий болгох ёстой. Энэ асуудлыг шийдвэрлэж болох хоёр арга байна. Нэгдүгээрт: Сурах бичгийг нэг газарт төвлөрүүлэн аймгийн боловсрол, соёлын төвүүдэд хүргэх, хоёрдугаарт: хэвлэлийн газруудаар сурах бичгийг орон нутагт хүргүүлж болно. Хэвлэлийн газраас орон нутагт сурах бичгийг хүргэх энэ арга замыг туршин үзэхэд болохгүй гэх газаргүй.

Бага ангийн сурах бичиг 2-3 жил ашиглагдаад хэрэгцээнээс гарч байна. Сүүлийн жилүүдэд хуучирсан сурах бичгүүдээр сургуулиудын номын сангууд дүүрч байгаа нь үнэн. Ашиглагдах боломжгүй болсон сурах бичгүүдийг актлах, үндсэн хөрөнгөөс хасах ажлыг зохих журмын дагуу хийхээс өөр арга байхгүй.

Нөгөө талаар сурах бичгийг худалдах талаар сүүлийн үед сургуулийн захирал, багш нараас санал их гаргах болсон ба бага ангийн сурагчдын эцэг эхийн зарим хэсэг нь хүүхэддээ хуучин сурах бичиг хэрэглүүлэхийг хүсэхгүй байна. Иймээс сурах бичгийн зарим хэсгийг худалдах, гэхдээ худалдах сурах бичгийн үнэ, аймаг, орон нутагт худалдан борлуулах цэгийг зааж өгөх хэрэгтэй юм.

Сурах бичгийн чанарыг сайжруулах арга зам

Сурах бичиг хэвлэдэг хэвлэлийн газруудыг бий болгож, улмаар эдгээр хэвлэлийн газрууд нь өөрийнхөө дэргэд сурах бичгийн зохиогч, редактор, экспертүүд, хэвлэлийн дизайнерийн хэсгүүдийг ажиллуулснаар сурах бичгийн чанар зохих хэмжээгээр сайжирч,түүнчлэн хэвлэлийн газрууд монгол хэл, математик, байгалийн ухаан, гадаад хэл, нийгмийн ухааны чиглэлүүдээр төрөлжин үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бололцоо бүрдэнэ.

Сурах бичиг судлал манайд боловсрол судлалын нэг бүрэлдэхүүн хэсэг болон хөгжиж чадаагүй байгаа бөгөөд одоогийн хэрэглэгдэж байгаа сурах бичгүүдэд анализ хийж, дүгнэлт гаргах, сурах бичгийн талаар судалгаа хийх ажлыг эхлүүлэх цаг болоод байна.

Сурах бичгийг хэвлэн гаргахын өмнө ядаж нэг хичээлийн жилд туршилт явуулж байх журамд шилжих шаардлагатай. Ийм туршилт явуулахгүйгээр сурах бичгийг яаран сандран хэвлэдэг тохиолдол элбэг бий.

Сурагчдын зуны болон өвлийн амралтын хугацаанд хичээл нэг бүрээр суралцагчдын судлах гарын авлага, бодлогын хураамж, дасгал ажлын дэвтрийг хэвлүүлэн сурагчдад үнэ төлбөргүй тараан олгодог, хичээлд ирэхэд нь сурагчдын мэдлэг, чадварыг шалгадаг туршлага БНХАУ-ын сургуулиудад бий. Үүнийг манай орны ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэх хэрэгтэй болов уу.

Сурах бичгийн агуулгыг тодорхой хугацааны дараа шинэчлэх, аль эсвэл хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээний дагуу сайжруулж боловсронгуй болгох, нэмж хэвлэх, дахин хэвлэх шаардлага бий болдог. Сурах бичгийг шинэчлэх, дахин хэвлэхдээ агуулга, арга зүй, зураг, чимэглэлийн хувьд юуг нь сайжруулан шинэчлэх, ямар төвшинд шинэчлэхийг урьдчилан судалж үзсэн байх шаардлагатай байтал манай нөхцөлд энэ талын судалгаа дутмаг байдгаас сурах бичгийн чанар сайжирч чадахгүй байна.

Тухайн сурах бичгээр хичээл заадаг багш нарын санал, шүүмжлэл, дүгнэлт, сургалт хариуцсан эрдэм шинжилгээний байгууллага, мөн тухайн шинжлэх ухааны чиглэлээр гүнзгийрүүлэн судалдаг их сургууль, коллежийн санал, шүүмж, суралцагчдын эрэлт хэрэгцээ, хүсэлтийг сурах бичгийг шинэчлэхдээ харгалзан үзэх хэрэгтэй. Энэ бүхнийг хийж чадвал ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн агуулга, арга зүй зохих хэмээгээр сайжирч, дэлхийн төвшинд ойртох боломжтой.

Шинэчлэгдэн хэвлэгдсэн ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн агуулга, арга зүйд багш нарыг сургах сургалтыг улс болон орон нутгийн төвшинд зохион байгуулахад анхаарч, боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэвлэгдсэн сурах бичгүүдийн агуулга, арга зүйг судлах сургалтууд зохион явуулдаг туршлагыг бусад сурах бичгийн хувьд ч хэрэгжүүлэх шаардлага байгааг хаана хаанаа бодолцох цаг болжээ.

Манай яамны болон боловсролын хүрээлэнгийн дэргэд сурах бичгийн асуудал хариуцсан нэгж ажиллах шаардлагатай бөгөөд сурах бичгийн эхэд эксперт хийлгэн хэвлэх зөвшөөрөл өгөх, хэвлэгдсэн сурах бичгийн чанарт үнэлгээ өгөх ажлыг хийж байх хэрэгтэй юм.

Улмаар сурах бичгийг Сурагчийн унших ном, дасгал, дадлага ажлын ном, аудио, видео кассет, диск, интерактив программ, тухайн сурах бичгийг ашиглан сургалт явуулах багш нарт зориулсан ном, сурагчдын сурч, эзэмшсэн зүйлийг шалгахад зориулсан ном, тухайн чиглэлийн толь бичиг, лавлах, шинжлэх ухааны хялбаршуулсан болон сонирхолтой ном гэх мэтээр аль болох багц байдлаар гаргах, сурах бичгийг шинэчлэн сайжруулах уралдааныг хэвлэлийн газруудын дунд зарладаг болох хэрэгтэй байна.

Сурах бичгийг хэвлэх, түүний хүрэлцээ хангамжийг сайжруулах, сурах бичгийг цаг алдалгүй сургуулиудад хүргэх талаар бодлогын чанартай зарим саналуудыг (Хавсралт 1) хавсаргав.

Дүгнэлт

Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хүрэлцээ хангамж, чанарыг сайжруулах талаар баримтлах бодлогын чанартай баримт бичгийг шинэчлэх гаргах шаардлагатай болсон бөгөөд олон улсын байгууллага, хандивлагчдын хөтөлбөр, төслийг сурах бичгийн чанарын чанарыг сайжруулахад чиглүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

Ном зүй

  1. БСШУЯ-ны ерөнхий боловсролын статистик мэдээлэл, УБ, 2000 он
  2. Сурах бичиг бэлтгэх, хэвлэх, түгээх, ашиглах журам. Гэгээрлийн сайд, Сангийн сайдын 2000 оны 101/97 дугаар тушаал
  3. Проблемы школьного учебника, Выпуск 12, Москва, 1983


   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  1 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?