НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 06 сарын 18 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6165436
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
БАГШ, СУРАЛЦАГЧИЙН ЁС СУРТАХУУНЫ ХАРИЛЦАА
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2011-10-05
  • Багш, хүүхэд хоорондын сөрөг харилцаанд хохирогч нь хэн бэ?
  • Харилцааг үр дүнтэй болгох боломж багшид бий юу?
 
ЁС СУРТАХУУНЫ ҮЙЛДЭЛ: ХАРИЛЦАА
 
Тэснэ тэснэ гэхэд... Монголын баймж үг
 
Хүүхэд, насанд хүрэгч нь бие бял­дар, оюун сэтгэхүй, сэтгэцийн хувьд даанч ялгаатай бодгаль ажээ. Өнгөр­сөн болон одоо, ирээдүй цагийн та­лаарх тэдний ойлголт (1), үйл-байд­лын зайлшгүй, санамсаргүй чанарын тухай тэдний байр суурь (2), үйл-байд­лын эрх чөлөө, тэгш эрх, шударга ёсонд хандах тэдний хандлагад (3) зүйр­лэшгүй ялгаа байна гэдгийг бид үзлээ.
Ийм хүмүүс харилцан бие биедээ таа­лагдахад хэцүү. Тэдний ялгаа нь хүсэл бодол, эрхэлдэг зүйлээсээ авахуу­лаад харагдах өнгөндөө ч байдаг. Эд­гээр хүмүүс алхам тутам­даа нэг нэ­гэндээ таалагдаж, сугадал­цан, хамт­даа хөгжиж явна гэхэд төвөг­тэй.
Хүүхэд бол цайлган, сэтгэцийн дарх­лаа сайтай, зарим дэмий   онцын ач холбогдолгүй зүйлийг амархан мартдаг бөгөөд тэдний энэ чанар багш суралцагчийн харилцааг аятайхан торгоогоод баймаар санаг­даж болно.
Гэвч хүүхдийн зоригтой, уужуу тайван, өгөөмөр үйл-байдалд төгсгөл гэж бий. Айлгасаар байгаад аймхай бол­гох, тэвдүүлсээр байгаад уулгамч бол­гож дийлэхгүй л дээ. Харин тэд­нийг мухардмал санаатай, учир шалт­гааныг олж үзээд бухимддаг, өнгөрсөн зүйлийг 2 нүүрээр тайлбар­лан шургадаг, хүлээцгүй болгох зөвхөн нэг нөхцөл бий.
Энэ нь тэдэнд багш хүн ёс сур­тахуун­гүй хандахаас үүднэ. Зүй ёсоор уурлан загнах, шударга бусаар дүн бууруулах, нүд буландан харахыг тэд хүлээн зөвшөөрөх боловч алаг үзэн тоохгүй байх, гаргуунд нь гаргаж хатуу загнах, хэт магтан сайрхахыг тэсвэрлэн давж чаддаггүй.
Тэд өөрсдийгөө зайлшгүй үнэн, цаг агаар, албан тушаалтанд санаатай­гаар нийцүүлэн тохинуулж мэдэхгүй учраас хэлмэгдэн зовдог. Хүүхдийн хувьд цор ганц давагдашгүй хүчин зүйл бол өөрийг нь хүүхдийн тооноос хасах юм.
Энэ бол шувуунд ачаа ачих, улс төрчөөр нярав хийлгэх, багшийн гарт хайч бариулаад мэс заслын өрөөнд түлхэн оруулахтай яг ижил юм.
Яагаад ингэж хаа хаанаа хэлмэг­дэн зовдог вэ гэвэл багш, хүүхдийн ха­рил­цаанд дараах саад бий болсноос шалтгаалдаг байна.
 
Тэдгээр нь:
 
1.       Авилбар зүйн саад тотгор буюу хэл, нутгийн аялгуу, дуудлага, хэл зүйн дүрмийн талаарх ондоо ойлголт (мессежийг бол ярилтгүй), сэтгэлийн хөдөлгөөний өнгө аяс, хурдан ярих гэм мэт.
2.       Ойлголцлын саад тотгор буюу нийгэм-соёлын ялгаатай байдал, (муухай солонгос кино зэрэг) сөрөг соёл, өөр мэргэжил гэх мэт.
3.       Илэрхийлэх хэлбэрийн саад тотгор буюу хэлбэл зохих нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн агуулга, хэлбэрийн зохицолдоог санаатайгаар алдагдуулан инээж загнах, гуйх аялгаар тушаах, зандарч тоглох, үнсэхдээ хазах (Достоевскийн зохиолуудад гардаг шиг) гэх мэт.
4.       Учир зүйн саад тотгор буюу дэвшүүлсэн логик нь ойлгомжгүй (би уг нь юуг яах гэсэн чинь, хэн юу яаж өгсөнгүй л дээ, тэгэхдээ яачмаар л байгаа байхгүй юу), хэтэрхий төвөгтэй байх, батлах хэв маяг нь тохирохгүй байх гэх мэт
5.       Ойлголцлын саад тотгор буюу харилцагчийн хувийн онцлог, зан байдал, темперамент, нас, хүйс, шашин шүтлэг, мэргэжил зэргийг зөвхөн өөрийнхөөрөө ойлгох гэх мэт.
 
Гэхдээ энэ байдлаас гарах үндсэн гарц, түүнд хүрэхгүй байх арга зам бол мэргэжлийн багш хүн ёс сур­тахууны хэм хэмжээг харилцаандаа ямагт баримтлах юм.
 
Тиймээс багшийн ёс суртахууны хэм хэмжээ гэдэг нь:
1.     Багш хүн хүүхдэд байгаагаар нь хандах
2.     Багш хүн аядуу байх
3.     Багш хүн хүүхдийн үйлдэлд хүлээцтэй хандах гэж бид яриад байгаа шүү дээ. Харин эдгээр хэм хэмжээг хэрэгжүүлэгч гол хүчин зүйл болох харилцаа хамгийн түвэгтэй нь юм.
 
Хүний хувьд хамгийн гол нь бусад хүмүүс өөрийг нь харилцааны­хаа яв­цад хүлээн зөвшөөрч эсвэл, үгүйсгэж байгаа эсэх байдаг. Сэтгэлд нь нийц­сэн ганц сайхан үгийг сонс­гоход хэ­ний боловч нүүр ам засраад явчихыг бид харж л байдаг шүү дээ. Бид орой харьж явахдаа өөрийг минь хүн гэж харахгүй байсан нягтланг гайхан бодсоор байж, хэвтэнгүүтээ зүүдэлж эхэлдэг.
 
Яагаад гэвэл хүний өдөр тутмын харилцаа нь дандаа “батлах” зарч­маар зохион байгуулагддагбөгөөдмэндлэх, асуух, муудалцах, халамж­лах, нүд ирмэх зэргээр ямар нэг са­наа, байр сууриа баталж байдаг юм. Түүнийг минь тоохгүй, “Би чамд на­саараа үнэнч байна” гэсээр байхад жи­шим ч үгүй суувал, юу нь сайхан байх вэ.
 
Хүн хүнээ танин мэдэх, ёс сур­тахуунаар харилцах, мэдээлэл солил­цох үйл ажиллагаа нь хүртэн тө­сөөлөхүйгээр илэрч, тэрхүү үйл нь хэдхэн секундээс насан туршид яваг­дах бөгөөд анх танилцаж байгаа багш, хүүхэд төдийгүй үргэлж хамт бай­гаа эхнэр нөхрийн хооронд ч байн­га явагддаг.
 
Багш та ангидаа ороод л эхний харцаараа хэн хэн байхгүйг, Урнаа уйлсныг, Дарамын аав архи уусныг, Тэмүгэ танд эгзэгтэй асуулт тави­хаар анаж байгааг мэдээд өөрийгөө зэхдэг. Тэд чинь мөн л адил, таны үсийг хараад: Манай багш жаал унт­жээ, тэгвэл сайхан зантай байгаа даа гэх буюу -Би ч айлтгүй ээ, цээжилсэн гэх мэтээр бодож суугаа.
Хүртэж байгаа этгээдийн өөрийн онцлог, тухайн үеийн сэтгэц зүйн бай­дал нь бусдыг хүртэн төсөө­лөхүйд чухал үүрэгтэй. Бүжигчин хүн бол хөдөлгөөнийг, эмч хүн бол арьс, салстын өнгийг, хүүхэд бол хүний нүд, эсвэл гартаа барьсан гялгар уутыг харах жишээтэй. Юу сонирх­дог байна, тэр талаасаа хардаг нь андашгүй.
 
Сэдэвт хамаарах өгүүллэг
 
АЛДАА...
 
2б-ийнхэн үдийн цайгаа ууцгааж, ангийн багш нь тэднийг хараад сууж бай­на. Амаа эвтэйхэн хөдөлгөж, жа­лир жалир зажлангаа хацраа улам бум­байлгах тэдний дүр инээдтэй ажээ. Зарим нь тортыг муулангаа идэж байхад, хэн нэг нь үйрмэг ч үл­дээл­гүй хамах нь сонин. Басхүү хоо­рон­доо сольж байгаа нь харагдана. Ер нь бол сайхан байгаа бололтой.
Булган тэднийг харсаар уйдаж, ангиар нүд хэсүүлэн үзэхдээ ганцхан Бөндөг л домбойн суугааг олж мэд­лээ. Яасныг асуувал, бусад нь түү­нийг гахайгаар нь дуудан хөхрөлдөөд, багш дэмжиж:
 
- Өөрийнхийгөө идчихээд, өрөө­лөөс гуйв даа гэв. Бөөн шуугианы дотор Бөндөгийн уйлагнахыг ч анзаарсангүй, хичээлээ эхэллээ.
Олон хоногийн хойно Булган шүүгээнээсээ “Багшдаа” гээд цаа­санд ороосон торт хатсан хэвтэхийг олсон байна. Тэгээд өөрийг нь өрөвд­сөн байртай харж байсан Бөндөгийн дугираг нүдийг санаж, цээжин дотор нь ямар нэг зүйл байраа солин ёг­хийх шиг болоход хүйтэн цонхонд духаа наалаа.
 
Л.Отгонсүрэн (НБГ-ын мэргэжилтэн)
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  6 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?