НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 07 сарын 17 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6220989
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА БА ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ, ТӨЛӨВШЛИЙН АСУУДАЛД
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2011-06-21
Хүүхдийг бурхны элч, тэнгэрийн зардас, манай ертөнцийн хүндэт зочин хэмээдэг. Тиймийн учир хүн төрөлх­төн хүүхдийг “бурхны садан”, гэгээн сэт­гэл­тэн, ариун явдалтан гэж хүн­дэл­сээр иржээ. Үүний нэг баталгаа гэвэл хоёр мянганы зааг дээр Хүүх­дийн Эрхийн тухай НҮБ-ын конвенцид үндсэндээ дэлхийн бүх орон нэгдэж, хүний эрх, эрх чөлөөг бүрэн хангахын эх үүсвэр нь хүүхэд нас гэж нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн явдал юм. Хүн төрөлхтөн шинэ “зочин”-оо “Тү­шээд авна уу, түлхээд хаяна уу, өөрөө мэдээрэй” гэдэг шиг ямар хүн бол­гохын ёс журам, ёр цондонгийн тос­гуур нь гэр бүл бөлгөө. Үүнээс үзвэл нэг гэр бүл гэхэд улс орныхоо эрх аш­гийн төлөө төдийгүй хүн төрөлх­төний өмнө хариуцлага хү­лээ­дэг ажээ.
 
Шинэ хүний насан туршийн амьд­ралын эхний таван жилд Монгол хэл, монголчуудын соёл, ёс заншилд сур­гаж мэдрүүлэх, монголын цаг уур, хоол хүнсэнд дасган хэвшүүлэх тэр бо­ломж нөхцөл, үүрэг хариуцлага, үл­гэр нөлөөлөл нь гагцхүү гэр бүлд ха­маатай. Эндээс л “Гэр бүлийн харил­цаа хүүхдийн хөгжил хүмүүжил”-ийн асуудал эхэлнэ. Хүнийг хүн болгох эрдэм ухааны эхний ацаг шүд нь ийнхүү “Гэр бүлийн ха­рилцаа” бөгөөд түүний онолын үндэслэл нь сэтгэл зүйн шинжлэх ухаан байдаг ажээ.
 
Мэдлэг мэдээлэл, оюун ухааны шинэ зуунд хүний аливаа үйлийг эрдэмлэгээр шийдэх шаардлага тул­гарч, тэр нь гэр бүлийн амьдралд ч хамаарах болов. Өөрөөр хэлбэл хүүхэдтэй ойр байдаг эцэг эх, гэр бү­лийн бүх гишүүн нь сургуулийн өмнөх боловсрол болон харилцааны сэтгэл зүйгээр хамгийн их мэргэшсэн баг­шийн зиндаанд өөрийгөө тавьж ажил­лах ёстой гэсэн үг юм. Харил­цааны сэт­гэл зүй нь үндэсний соёл, сэтгэл­гээ, нийгэм орчны амьд­рал ахуй, хүмүүсийн хэрэгцээ, хэрэг­лээ, нас биеийн онцлог тэргүүнтэй холбогдсон өргөн агуулгатай. Үүнийг өгүүлэгч миний бие 1960-аад оны эхээр Баг­шийн су­ргуульд, 1970-аад оны эхээр Багшийн дээд сургуульд, 1970-аад оны эцсээр Германы залуучуудын дээд сургуульд сэтгэл зүйн хичээлийг чамлалтгүй судлахдаа голдуу ерөнхий сэтгэл суд­лалын онолын ойлголттой болж, харин хү­мүүсийн хоорондын амьдралд давын зуур хэрэглэгдэх харилцааны сэтгэл зүйд суралцаагүй нь их гачигдал болон мэдрэгдсээр байна. Энэ гашуун сур­гамжаас санаа авч сүүлийн үед харил­цааны сэтгэл зүйг сонирхож үзэхүйд уг асуудал хүний нялх бага наснаас гэр бүлийн ахуй (амин чанар суулгах), амьдрал (нийгэм дотор оршихуй)-д холбогддог ажээ.
 
Хүний цогц хөгжлийн бүрэлдэхүүнд сэтгэлийн төлөвшил, хүмүүжил онц­гой байр эзэлдэг учир түүнийг хүүх­дийн амьдралын төв цэг болгон харил­цаан дээр зангидаж, зарим санааг хөндөхийг хичээлээ. Гэр бүлийн ха­рил­­цаа­ны үй түмэн асуудлаас хүүх­дийн хөгжилд нэн хамаатай цөөн зүй­лийг энд хөндье!
 
Та хүүхдээ хэр ойлгодог вэ?
Японы эрдэмтэн Морияма Мисао­гийн судалгаагаар эцэг эх­чүүдийн 80 хувь нь хүүхдээ сайн ойлго­дог гэж боддог атал хүүхдүүдийн 80 хувь нь биднийг, эцэг эхчүүд ойлго­доггүй, ойшоодоггүй гэж хариулжээ. Нэгэн цаг хугацааны дотор зэрэгцэн амьдарч буй хоёр үеийн ойлголт ийнхүү дэндүү их зөрүүтэй байгаа нь тэдний хоорон­дын харилцаанд хол­богдох ажээ. Харилцааны ойлголцол хамаа­рал нь ойртох тусам итгэлцлийг бий болгож, гэр бүлийн сэтгэл зүйд эерэг өөрчлөлт гардаг байна. Ахмад үеийнхэн бага ба залуу на­саа мартаж “одоогийн хүүхэд сана­санд хүрсэнгүй” гэж гомдоллох ба дүгнэх нь харилцааны зөрчлийг илэр­хийлдэг. Хүүхэд насаа мартахгүйгээр санан дурсаж, түүгээр баримжаа хийж, хүү­хэдтэйгээ харилцвал амар­хан ойлголцож гэр бүлийн харилцаанд бэрхшээл гарахгүй байх болно.
 
Өдөр тутмын харилцаандаа эерэг зөөлөн үг хэрэглэж заншаарай
Хүмүүсийн хоорондын харилцаа­ны нэг хүчирхэг хэрэгсэл нь үг хэллэг гэдгийг эцэг эх эрдэмтэн мэр­гэд сайн мэддэг, үр хүүхдэдээ ч зааж сургадаг. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор про­фессор Б.Пүрэв-Очир “Үг бүхэн амь­тай, тэр амь нь үндэсний сэтгэлгээг үүс­гэж, соёлыг бүтээдэг” тухай бүхэл бү­тэн ном бичжээ. Хүмүүн гэгч сэт­гэлийн амьтан үг хэллэгээр, ялангуяа амар мэндээ мэдэлцэхээс эхлэн нийгэм­шихүйн эрдэмд суралцдаг гэнэм. Утга төгөлдөр, бүрэн бүтэн мэнд­чилгээ нь харилцааны амин ча­нарыг үүсгэж, тэр нь батжин бэхжсэнээр уримт­лагд­саар “Нийгмийн харилцааны баялаг” хэмээх үнэт эрдэнийг бүтээ­дэг байна. Монголчууд нийтийн соёл, харилцааны жишгээр өдөр тутмын амьдралдаа. “Уучлаарай!, Баярлалаа!, Миний буруу болчихлоо” гэсэн хэдхэн үгийг хэрэг­лээд хэвшчихвэл, хүү­хэд залуу­чуудын амнаас автоматаар гардаг болчихвол хэрэлдэх, хялал­захын зовлонгүй аж төрдөг болчихно доо. Хоёр зууны зааг дээр ЮНЕСКО-гийн бодлогоор жил бүрийн 10 дугаар сарын 20-ныг Олон улсын талархлын, 11 сарын 24-ыг Олон улсын уучлалын өдөр болгон дэлхий дахинаа тэмдэг­лэдэг нь жирийн хэрэг биш ээ!. Гэр бүлийн өдөр тутмын харилцаанд эерэг зөөлөн үг хэллэгийг хэрэглээд занш­чих­вал хүүхдийн хөгжил хүмүүжлийн хамгийн үр өгөөжтэй сургалт хичээл байх болно. “Мэндээс том мэдэлгүй. Мэнд хойморт оршвол мэдэл хатав­чинд буй” гэдэг. 
Хавсралт файл
 Файлын нэр  Тайлбар  Татах
 ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА БА ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ, ТӨЛӨВШЛИЙН АСУУДАЛД Илтгэлийн дэлгэрэнгүйтэй хавсралт файлаас танилцана уу.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  7 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?