НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 06 сарын 18 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6165437
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
БАГА БОЛОВСРОЛЫН ХАМРАН СУРГАЛТЫН ЧАНАР, ҮР ДҮН
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2011-06-21
Ерөнхий боловсролын сургуулиудад 2010-2011 оны хичээлийн жилд 512213 хүүхэд суралцаж байгаагийн 51,9 хувь болох 265639 хүүхэд бага ангид сурч, 26358 багш ажиллаж байгаагийн 9059 буюу 34,4 хувь нь бага боловсролын багш байна. Эндээс үзвэл бага ангид суралцагчид болон тэнд ажиллаж буй багш нар ЕБС-ийн гол цөм хэсэг болж байна гэсэн үг. Сүүлийн жилүүдэд бага боловсролын хамран сургалтын цэвэр жин нэмэгдэж байна. 2010-2011 оны хичээлийн жилд бага боловсролын хамран сургалтын цэвэр жин өмнөх хичээлийн жилийнхээс 0,4 хувиар өсч, 94,7 хувьд хүрсэн байна.
 
Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлж, 6 настай хүүхдийг сургуульд элсүүлэн сургаж байгаа боловч хамран сургалт сайнгүй байна. Зургаан настай хүүхдийн хамран сургалт 2009-2010 оны хичээлийн жилд 91,1 хувь байсан бол 2010-2011 оны хичээлийн жилд 92,1 хувь болж өссөн нь чамлалттай үзүүлэлт юм. Зургаан настай хүүхдийн 8 хувь нь сургуульд сурахгүй байна гэсэн үг. Зургаан настай хүүхэд сургуульд 100 хувь сурч чадахгүй байгаа нь янз бүрийн шалтгаантай. Чухам ямар шалтгааны улмаас сургуульд элсэн орохгүй байгааг олж тогтоох нь бүх шатны төр, захиргааны болон боловсролын байгууллагын өмнө тулгамдсан зорилт болж байгаа юм.
 
Нэгдүгээр ангид элсэн орж байгаа хүүхдийн 68,6 хувь нь цэцэрлэгт сурч хүмүүжсэн хүүхэд байна. Уг нь нэгдүгээр ангид элсэн орж байгаа бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсрол олгох хуулийн заалттай. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн энэ заалт бүрэн хэрэгжиж чадахгүй байгааг дээрх статистик үзүүлэлт харуулж байна. Энэ байдал 6 настай хүүхдийн хамран сургалтад сөргөөр нөлөөлж байгаа нь тодорхой. Нөгөө талаар иргэдийн ядуурал, ажилгүйдэл, гэр бүлийн шилжилт хөдөлгөөн ч зохих нөлөө үзүүлж байгаа нь дамжиггүй.
Долоон настай хүүхдийн хамран сургалтын цэвэр жин 96,5 хувьтай байна. Эндээс үзвэл 7 настай хүүхэд ч сургуульд бүрэн хамрагдаж чадахгүй байна гэсэн үг. 2009-2010 оны хичээлийн жилд 7 настай 8052 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж байсан бол 2010-2011 оны хичээлийн жилд 4838 болж буурсан нь эерэг үзүүлэлт. Долоогоос найман настай сургуульд элсэн орж байгаа хүүхдийн тоо ч сүүлийн хоёр жилд 1115-аас 691 болтлоо буурсан байна. Энэ насны нэгдүгээр ангид элсэн орж байгаа хүүхдүүд 19-20 настайдаа бүрэн дунд боловсрол эзэмшинэ. Энэ бол амьдралынхаа 1-2 жилийг алдаж байгаа гашуун үнэн билээ. Үүнийг иргэд, эцэг эхчүүдэд ойлгуулах ажил дутмаг хийгдэж байна. Зургаан нас хүрэхгүй сургуульд элсэх нь бас нэмэгдэж байна. Сүүлийн 3 хичээлийн жилд энэ тоо 1001-ээс 2182 болтлоо өсчээ. Энэ бол сайн үзүүлэлт биш. Дархан-Уул аймагт нэгдүгээр ангид элсэгчдийн 10,5 хувь, Дорнодод 11,9 хувь, Говьсүмбэрт 6,9 хувь нь зургаан нас хүрээгүй хүүхэд байна. Нас хэтэрч сургуульд элсэн орох үзэгдэл бүр ч их байна. Улсын хэмжээгээр нэгдүгээр ангид элсэгчдийн 12,4 хувь нь нас хэтэрч сургуульд орсон байна. Энэ үзүүлэлтээр Баян-Өлгий (43,0 хувь), Увс (20,0 хувь), Ховд (17,0 хувь), Хөвсгөл (14,0 хувь) аймгууд сүүл барьж байна. Нас хэтэрч сургуульд орсон хүүхэд сургууль завсардах, анги улирах магадлал гь өндөр байдаг. Улсын хэмжээгээр эрт болон хожуу элсэлтийн эзлэх хувь хэмжээ 17,1 хувьтай байгаа нь тун ч хангалтгүй үзүүлэлт юм. Энэ нь сургалтын чанар, эдийн засгийн үр ашигт сөргөөр нөлөөлж байна.
Бага ангиас сургууль завсардах дутагдал үргэлжлэн гарсаар байна. 2009-2010 оны хичээлийн жилд нэгдүгээр ангиас 1635 хүүхэд сургуулиа орхижээ. Аймаг, нийслэлээс ирүүлсэн статистик мэдээгээр 127 хүүхэд нэгдүгээр ангиас сургуулиа орхисон байх юм. Энэ бол үнэхээр үнэнд үл нийцэх буруу тоо гэдгийг баримт нотолж байна. Улсын хэмжээгээр тухайн хичээлийн жилийн төгсгөлд 1806 хүүхэд дутсан байна. Үүнээс анги улирсан 192, нас барсан 15 хүүхдийг хасаж, анги улирч ирсэн 36 хүүхдийг нэмж тооцвол улсын хэмжээгээр 1635 хүүхэд тухайн хичээлийн жилд яах аргагүй сургууль завсардсан ажээ.
Ийм байдлаар хоёрдугаар ангийн хүүхдийн тоонд анализ хийж үзвэл 837 хүүхэд сургууль завсардсан байна. Гэтэл улсын хэмжээгээр 1000 хүрэхгүй хүүхэд сургууль завсардсан мэдээ гарсан байх юм. Ингэж бид бодитой бус мэдээ гаргаж, түүндээ тайвширч таарахгүй. Энд нэг ноцтой баримт илэрлээ. Нэг, хоёрдугаар ангийн хүүхдээс нас барах тохиолдол хамгийн олон байна. 2009-2010 оны хичээлийн жилд нэгдүгээр ангиас 15, хоёрдугаар ангиас 11 хүүхэд нас барсан нь эцэг эх, сургууль, багш нар, эрүүл мэнд, нийгмийн халамж болон цагдаагийн байгууллагын зүгээс хүүхдийн төлөө тавих анхаарал, халамж сул байгааг харуулж байна. 
Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлж, 6 настай сургуульд элсүүлэн сургаж байгааг төдийлөн ойшоохгүй, I-III ангийн суралцагчдыг төдийлөн үнэлж үзэхгүй байна гэсэн дүгнэлтийг хийж болохоор юм. Өнгөрсөн хичээлийн жилд улсын хэмжээгээр ерөнхий боловсролын сургуулиас 360 хүүхэд анги улирсаны 68,0 хувь болох 245 хүүхэд анги улирчээ. Энэ нь өмнөх хичээлийн жилүүдийн дунджаас бараг 20 шахам хувиар өссөн байна. Нэгдүгээр ангиас 192, хоёрдугаар ангиас 53 хүүхэд анги улирчээ. Ямар шалгуураар I-II ангийн эдгээр сурагчдыг анги улираасан байж болох вэ? Үүнд хариулт өгөх яам, хүрээлэн, орон нутгийн боловсролын удирдах ажилтан, ЕБС-ийн захирал, сургалтын менежер байна уу?
Нэг жишээ дурдахад Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдаас 18, Ховд аймагт 10 сурагч анги улирсан байна. Гэтэл Баян-Өлгий аймгийн анги улирсан дээрх тооны хүүхдээс 5 нь, Ховдын 2 хүүхэд дараагийн хичээлийн жилд сургуульдаа эргэн суужээ. Тэгвэл үлдсэн хүүхдүүд нэгдүгээр ангиасаа сур­гууль завсардсан болж таарч байна.
Эндээс үзвэл бага боловсролын хамран сургалтын чанар, үр дүн сайнгүй байна. Ийм байдлаар бид цааш явбал Мянганы хөгж­лийн зорилтыг 2015 он гэхэд хэрэгжүүлж чадахгүй нээ. Сургуульд элсэж буй хүүхдийг 100,0 хувь цэцэрлэгт хамруулж, сургуульд элсэх бэлтгэлийг бүрэн хангах, эмзэг бүлгийн өрхийн хүүхдийг сургуульд элсэхэд нь туслалцаа дэмжлэг үзүүлэх, нэгэнт сургуульд элсэн суралцсан хүүхдийг анги улираахгүй, сургууль завсардуулахгүй сургах, хүүхдийн сурах, хөгжих эрхийг хангах нь орон нутгийн төр захиргаа, боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, багш нарын хамгийн тулгамдсан зорилт болж байна.
 
Г.Батболд (“Бага боловсролын шинэчлэлийг дэмжих төв” ТББ-ын гүйцэтгэх захирал)
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  6 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?