НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 08 сарын 17 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6284060
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
Суралцагчдын суралцах үйл ажиллагааны фрактал тогтоц
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2011-01-06
1983 онд Америкийн математикч Б.Ман­дел­брот “Байгалийн фрактал геометр” номдоо fractus (хугархай, бутархай) гэсэн грек үгнээс гаралтай фрактал гэх ойлголтыг анх тодорхойлсон нь Синергетикийн шинжлэх ухааны эхлэл болжээ. Өмнөх дугаарт динамик системийн төлөвүүдийг авч үзэхдээ систем санамсаргүй, эмх замбараагүй (хаос) төлөвт орж болох тухай дурдсан билээ. Системийн хаос байдал нь ямар нэгэн нөхцөлд хүрээд өөрөө аяндаа цэгцэрч өмнөх эмх замбараагүй байдалд хүргэсэн төлөвөөсөө фрактал байдал руу тэмүүлдэгийг “Синергетик”-ийн шинжлэх ухаанаар судлах болжээ. Тус шинжлэх ухааны гол ухагдахуунуудын тухай эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуай “... сүүлийн үед өрнөдийн эрдэмтэд фрактал бүтэц, хаос байдал гэдэг онол их ярьдаг болсон. Үүнийг хар үгээр барзгар бүтэц, замбараагүй байдал гэж тайлбарлаж болох мэт. Довон дээрээс харахад замбараагүй харагдсан юмс уулан дээрээс харахад замбараатай харагддаг ажээ” хэмээн товч бөгөөд хялбар ойлгож болохоор бичсэн байна. Өөрөөр хэлбэл, довон дээрээс харсан нь ХАОС, уулан дээрээс харсан нь ФРАКТАЛ бүтэц гэсэн үг.
Хаос гэхээрээ тэр чигээрээ замбараагүй байдал биш. Харин тодорхой таталт (аттрак­тор)-тай байдаг. Жишээ нь: Тогоон дотор теннисний бөмбөг унагахад тогоон дотроо ой­соор ойсоор ёроолд нь тогтоно. Энэ нь цэгэн аттракторын жишээ болно. Сурагчид хичээлийн завсарлага эхэлмэгц хонгилоор дүүрэн үймэл­дэх боловч хичээл эхлэхээр бүгд суудал­даа суудаг. Энэ хаос хөдөлгөөний аттрактор нь сурагч­дын суудлуудын муж байх юм.
Завсарлагаанаар сурагчид шуугилдан, инээлдэж, чанга чанга ярьж, гүйлдэх нь хаос байдал. Сургууль, багш нар үүнийг хориглох гэхийн хэрэггүй, хориглож ч чадахгүй. Хичээл эхэлмэгц хаос байдлыг яг таг таслан зогсоох нь бас хэцүү. Хаос байдал үргэлжлэх ханд­лага­тай. Хаос байдлыг фрактал байдалд шилжүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Үүнд: багшийн хичээлийн бэлтгэл, мэдлэг, заах арга, ур чадвар, эв дүй, анги танхимын зохион байгуулалт, сургалтын хэрэглэгдэхүүн, багш, сурагчийн харьцаа, сурагчид сурах арга барилыг ямар түвшинд эзэмшсэн, хамт олон нь хэр зэрэг төлөвшсөн, сургуулийн дотоод дүрмээр тогтоосон дэг журам зэрэг болно. Багшийн хэрэглэж байгаа аргаас хамааран хичээлийн явцад хаос байдалд шилжих нь цөөнгүй. Иймээс буцаагаад фрактал бүтцэд шилжүүлэх аргаа багш нягт нямбай төлөвлөх шаардлагатай. Үүнийгээ нэгж хичээлийнхээ хөтөлбөрт тусгах нь мэдээж.              
Хаос төлөвт байгаа системийн тогтоц, үйл ажиллагааны үлдэц мөр нь фрактал бүтцийг үүсгэдэг. Фрактал бүтэц дотор агуулагдах жижиг хэсгүүд нь томыгоо дуурайсан байдаг нэгэн онцлог шинжтэй.
Тухайн ангийн сурагчид хувийн өөр өөр онцлогтой боловч хамт олны төлөвшлийн шинжийг түгээмэл агуулдаг. Жишээ нь: найз нөхөд, багш нар, сургууль, хамт олондоо хандах ойр төстэй хандлагууд, хичээлийн нэг хуваарийг баримталдаг, зохион байгуулсан ажлуудад нэгэн зэрэг оролцох, сурагч бүр гэрийн даалгавраа бүрэн хийх, багаар ажиллах үед сурагчид жижиг бүлгүүд болж бүгдээрээ жигд оролцох зэрэг нв фракталын хэсгүүд болно гэсэн үг. Харин том хэсэг нь анги хамт олон, сургууль нь болох юм. 
Синергетикчид олон янзын фрак­тал тогтцыг нээн илрүүлсэн би­лээ. Байгал, ний­гэмд олон янзын фрак­тал тогтоц байд­гийг баталсан нэ­гэн тохиолдол нь нийлмэл матема­тик функцийн ар­гаар бодож гарга­сан Барнслийн ойм хэлбэрийн фрак­тал юм. (Зураг)
Хаосын онолын хэ­рэг­лээг нэгэн со­нир­хол­той жишээ­гээр үзүүлье. Асар олон сүрэг шувуу яагаад бие биенээ мөргө­чихгүй, удир­дуулж буй юм шиг хуйлран нисэж чаддаг вэ? 1997 онд амьтан судлаач Хэпнер үүнийг хаосын онолоор тайл­бар­лажээ. Тэрээр шувуун сүргийн төлөв байдлыг энгийн дөрвөн дүрмээр загварчилсан байна.
1. Шувууд ямар нэг фокусын цэг юм уу толгой­логч шувуунд татагддаг.
2. Шувууд бие биедээ татагддаг.
3. Шувууд тодорхой тогтмол хурдтай ни­сэхийг хүсдэг.
4. Нислэгийн зам нь салхи шуургын санам­саргүй тохиолдлоор өөрчлөгддөг.
Эдгээр дүрмийн үйлчлэлийг хувиргах замаар Хэпнер судлан үзэж хуйлран нисэх шалтгааныг олж харжээ. Энэ загварыг сүрэг загас, нүүдэллэж буй царцаа, одос үхрийн сүрэг зэрэг төсөөтэй олон үзэгдэлд хэрэглэж болох юм.
Энэ дөрвөн дүрэм, хичээл, хичээлийн гадуурх ажил, анги хамт олны төлөвшил, сурагчдын олон нийтийн оролцооны байгууллагын үйл ажилла­гаанд ил тод ажиглагдаж байгаа юм.
1. Сурагчид аливаа үйл ажиллагаанд орол­цох­доо ихэвчлэн багш, хамгийн нэр хүндтэй нөхрөө юм уу, ангийн дарга сонгуультнуудаас аль нэгийг дагалдан гүйцэтгэхийг хүсдэг. Иймээс багш тухайн ажил даалгаврыг хэн удирдан гүйцэтгэвэл зохихыг нарийн бодолцох хэрэгтэй.
2. Ангийн хамт олон бие биедээ туслан нэгэн зорилготой ажиллавал үр дүн нь илүү байдаг. Багш ангийн хамт олныг зөв төлөвшүүлэх аливаа ажлын зорилгыг маш тодорхой болгохыг хичээх нь зүйтэй. 
3. Сурагчид хугацаандаа багтах, өөрсдийн­хөө мэдлэг, чадварт тохирсон үйл гүйцэтгэхийг хүсдэг. Багш, хичээл болон бусад үйл ажиллагааг зохион байгуулахдаа сурагчдын өмнөх мэдлэг чадвар, хэрэгцээ сонирхлыг зайлшгүй харгалзах, цагийг оновчтой төлөвлөх шаардлагатай. Энэ нь өмнө дурдсан гурав дахь дүрэмтэй нийцнэ.
4. Хичээлийн явцад багш урьдчилан төлөвлөсөн аргаа өөрчлөх, солих шаардлага гарах нь цөөнгүй.
 
Багш аргаа өөрчлөх зарим шалтгааныг дурдвал:
¬ Багшийн хэрэглэж байгаа арга, хичээлийн агуулга нь сурагчдад сонирхолгүй санагдах
¬ Сурагчид хичээлд идэвхгүй оролцох
¬ Багш хичээлээ буруу төлөвлөсөн мэт санаг­дах
¬ Хичээлийн өмнөх хаос байдлыг фракталд шилжүүлж чадахгүйд хүрэх
¬ Хичээлийн явцад хаос байдал хэт давам­гай­лах шинж ажиглагдах
¬ Зохион байгуулалтын дараалал алдагдах гэх мэт. Хичээлийн явцад багш аргаа өөрчлөх нь шувууд нислэгийн чиглэлээ өөрчлөхтэй адил төстэй юм.
Байгаль, нийгмийн ухааны судалгаанд хаосын онолыг өргөн хэрэглэснээр тайлбарла­хад хэцүү олон үзэгдэл юмсыг тайлан таньж, шинжлэх ухаан, практик хэрэглээнд амжилт олсоор байна. Үүнтэй адилаар сургалтын үйл ажиллагааг хаосын онолын үүднээс загварчлан авч үзэж хичээл сургалтаа орчин үеийн шинжлэх ухааны үндэстэйгээр удирдан залж болно.
Шавь төвтэй сургалтын хичээлийн үйл явц нь сурагчдын оролцооноос ихээхэн хамаарах бөгөөд сурагч бүрийн зан, харилцаа, сэтгэл хөдлөл, сэтгэлгээ өөр өөр байх тул тэдгээрийн үйл ажиллагаа нь ид сургалтын явцад хаос төлөвт орно. Харин тэр хаос төлөв нь тодорхой сурагчдын давамгай оролцооны таталтын орчинд хичээлийн үйл ажиллагаанд эерэгээр ба сөргөөр нөлөөлнө. Таталтын төв болж чадах сурагчдыг анхааран тэдгээрийн тухайн өдрийн тухайн цаг мөчийн сэтгэл хөдлөл, эрч хүчийг анхааралтай ажиглаж байх нь чухал байх. Тэр нөлөөллүүд багшийн байнгын анхааралд байх учиртай. 
Сургуулийг фрактал бүтэцтэй байна гэж үзвэл тухайн сургуулийн аливаа нэг анги сургуулийн­хаа хэв шинжийг бүрэн илэрхийлж байдаг, харин тэр ангийн аль ч сурагч, анги, сургуулиа бүрэн төлөөлөн илэрхийлэх чадвартай байх ёстой. Эргээд сургууль нь ч мөн нөгөө сурагчтай ижил хэв шинжийг агуулж байх болно. Сурагч бүр сургууль, ангиа төлөөлөн илэрхийлэх чад­вар нь юуны өмнө тэдний зөв сайхан төлөв­шил, стан­дартын шаардлагыг бүрэн хангасан үзүүлэлтээр илэрнэ.
Б.Цогбадрах (НБГ-ын физик, мэдээллийн технологийн мэргэжилтэн), Р.Цэгмэд (“Нээлттэй сургууль” сонины зөвлөх редактор)
 
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  8 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?