НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 01 сарын 19 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5692032
Зочин: 4
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Сургалтын орчны талаарх судлаачийн ойлголт
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2009-01-08

  Х.ЦЭЦЭГЖАРГАЛ (Боловсролын хүрээлэнгийн Эрдэм Шинжилгээний Ажилтан)

Сүүлийн жилүүдэд сургалтын орч­­­ны тухай их яригдаж, эрдэмтэн, суд­­­­лаач, сургалтын байгууллагын ме­не­жерүүд энэ асуудалд анхаар­лаа хандуулах болжээ. Сургалтын орч­­­­ны талаарх ойлголт, судалгаа 1950-иад оноос хойш шинжлэх ухаа­ны үндэслэлтэй судлагдах болсон бө­гөөд эхэн үедээ сургалтын мате­риал­­лаг орчинг голлодог байсан бол сүүл­дээ сургалтын сэтгэл зүйн ба үйл­­чил­гээний орчныг хамааруу­лан авч үздэг болсон билээ. Хэрэг­лэг­чид боловсролыг хэрэгтэй газар, хэ­рэг­­тэй үедээ, боломжийн хэлбэ­рээр эзэмшихийг хүсдэг болсон өнөө үед зөвхөн анги танхим, сургуулийн хэл­бэрээр боловсрол олгох орчны ту­хай бус, боловсролыг нээлттэй эзэм­­ших орчин, боломжийн талаар ч анхааран үзэх шаардлага бий болж байна.

Аливаа системийн оршин тогт­нох үндэс нь орчин юм бол хүний оюун санааны экологийн тэнцвэрийг хад­галахын тулд сургалтын орчин гэ­дэгт юуг хамруулан авч үзэх ёстой вэ?, ямар шаардлага хангах ёстой вэ? гэсэн асуулт урган гарна.

 НЭГ. СУРГАЛТЫН ГАДААД ОРЧИН

Менежментийн онолын үүднээс авч үзвэл аливаа байгууллагын ор­шин тогтнох үндэс нь тухайн бай­гуул­лага (систем) гадаад болон до­тоод орчиндоо зохицон үйл ажилла­гаа­гаа явуулах ёстой байдаг. Сур­гал­тын орчныг сургууль, түүний орчноор төлөөлүүлэн авч үзэх нь зүйтэй. 

 Учир нь:

  • Улс орон бүрийн боловсрол нь байнга хувьсан өөрчлөгдөж, хөг­жиж байдаг тодорхой (сургууль, орон нутаг, аймаг ба дүүрэг улс гэсэн) давхраа бүхий эко систем1 болохын хувьд сургуулийг боловс­ролын тогтолцооны “цөм” хэмээн үзэж болно.
  • Сургууль нь нийгэмтэй харил­цан үйл ажиллагаа явуулдаг бай­гуул­лага, нийгмийн институт болд­гийн хувьд тус тусдаа бие даасан нэгжүүдээс бүрдэж, хүрээлэн байгаа орчноос нийгмийн харилцаа­ны цогц сүлжээ, өвөрмөц соёлоор ялгарна,
  • Элсэгч ямар нэг шатны сур­гуульд элсэн орж, сургалтын про­цессийн үр дүнд боловсрол эзэмшин бүтээгдэхүүн болж байгаагаар сис­темийн бичлэгийг хийх боломж­той зэргийг үндэслэн сургуулийг “сис­тем, түүний орчин” гэж  заг­варч­лан үзэх үндэстэй.

Сургуулийн орчны талаар шинж­лэх ухааны үндэстэй онолд АНУ-ын эрдэмтэн Э.Турбан, Ж.Меридит (1950) нарын дэвшүүлсэн “Их сур­гуулийн орчны загварчлал”-ыг зүй ёсоор тооцдог. Үүнд: “Систем нь орц-процесс-гарц гэсэн гурван гол хэсгээс бүрэлдэх бөгөөд орчноосоо тодорхой заагтай оршиж, хил хяз­гаараар хүрээлэгдэнэ” гэжээ. (Зураг 1)  Энэхүү тодорхойлолт ёсоор гадаад орчинд байгаль, улс төр-эрх зүй, эдийн засаг,  нийгэм-хүн ам зүй, мэдээлэл-технологийн орчин ха­маар­на гэж үзжээ. Сургууль хэмээх системд эдгээр орчны нөлөөлөл ямар байхыг тус бүрд нь авч үзье.

Байгаль орчин:
Байгаль, цаг уурын ерөнхий тө­лөв, био уур амьсгалын муж, усан хангамж зэ­рэг нь сургалтын бай­гуул­­лагын анх­дагч гадаад орчин бол­но. Боловс­ро­лын хүрээлэнгээс 2000 онд явуул­сан судалгаа, Азийн хөгж­лийн банк­ны “Боловсролын сал­барын хөгж­лийн хөтөлбөр”-ийн хэ­рэг­жил­тийн дүн­гээс үзэхэд боловс­ролын сал­барын 3000 орчим барилга бай­гуу­лам­жийн 80 гаруй хувь нь хэрэг­цээ хангахааргүй мууд­сан, шинээр ба­рих эсвэл зас­вар хийх шаард­ла­га­­тай гэж тодорхойлогд­жээ. Үүнээс үзэхэд ту­хайн орон нут­гийн хөрсний бүтэц, агаа­рын чийгийн хэм­жээ, темпера­­турын эрс тэс өөрч­лөлт, нарны тус­галын өнцөг зэр­гийг зөв тоо­цоо­­лоо­гүй­­гээс сургуу­лийн бай­шин барил­гын чанар муудаж сургал­тын үйл ажиллагаанд сөргөөр нө­лөөл­­дөг нь харагдаж байна.

Дэлхийн уур амьсгалын өөрч­лөлт­тэй уялдуулан хүний бие орга­низм, сэтгэцэд гарч болох олон та­лын сөрөг нөлөөллийг харгалзан үзэж сургуулийн барилга байгуу­лам­­жийн байршил, дизайн, барилгын материалын сонголт зэрэгт одоо­ноос анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж судлаачийн зүгээс үзэж байна.

 Улс төр, эрх зүйн орчин:
Боловсролын талаарх төр зас­гийн бодлого, байр суурь, улсын ба хувийн сургуулиудад хандах ханд­лага, төвлөрсөн ба орон нут­гийн удирд­­лагын эрх мэдлийн хуваа­ри­лалт, ер нь л боловсролын эрх зүйн орчин нь сургалтын үйл ажил­ла­­гаанд шууд ба шууд бус хэлбэрээр эерэг болон сөргөөр нөлөөлнө. Энд нэг жишээ татъя. Боловсролын үнэл­гээний эрх зүйн зохицуулалтад зайлш­гүй харгалзан үзэх ёстой субъек­тэд багш, багшийн үнэлгээ зүй ёсоор орно. Өнөөдөр багшийн аж­лын нормыг тодорхойлох, цалин хөлс тооцох, нэмэгдэл хөлс олгох, ур чадварын зэргийг тооцох эрх зүйн ба­римт бичгүүдийг боловсруулан мөрдөж байна. 2003 оноос эхлэн (Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 4 дүгээр сарын 10-ны 07-р тогтоо­лоор баталсан) “Төрийн албан хааг­чийн үйл ажиллагааны үр дүн, мэр­гэш­­лийн төвшин, төрийн үйлчилгээ­ний албан хаагчийн үр дүнгийн гэ­рээг үнэлж, дүгнэх журам”-ыг мөр­дөх болсонтой холбогдуулан сур­гуу­лийн захирал (төсвийн ерөнхий­лөн захи­рагч)-ууд багш нартай бүтээгдэ­хүүний үр дүнгийн гэрээ байгуулан, багшийн аж­лыг үнэлж дүгнэх болсноор баг­шийн ажлын чанар, үр өгөөж, хүр­тээм­жийг дээшлүүлэх, багшийн ажлын гүйцэтгэлийг төсөв, санхүү­­жил­тийн бодлоготой уялдуу­лах, хүний нөөцийн бодлого, үйл ажилла­гааны удирдлагатай холбогд­сон харилцааг зохицуулах эрх зүйн үн­дэс бүрджээ. Гэвч төсвийн ерөн­хий­лөн захирагч­тай хийх бүтээгдэ­хүүний үр дүнгийн гэрээ байгуу­лахдаа бүтээгдэхүүн гэдэгт боловс­ролын салбарын онцлогийг харгалз­сан ямар нийтлэг үзүүлэлтийг оруулж тооцохыг сур­гууль бүр өөрс­дөө боловсруулж  бай­гаа­гаас  Нийс­лэл,  орон  нутгийн  боловс­ролын  төв  байгууллагад сур­гууль, багш нарын ажлын үр дүнгийн та­лаарх мэдээл­лийг нэгтгэх, бодлогын чанар­тай боловсруу­лалтыг төлөв­лөх, сайжруулах, дүг­нэх үйл ажил­ла­гаанд хүндрэл учирч байна.

 Эдийн засгийн орчин: 
Эдийн засгийн төлөв байдлын чухал үзүүлэлтийн нэг болох инфля­цийн хэмжээ сургалтын байгуул­лагын үйл ажиллагаанд хэрхэн нө­лөө­лөхийг авч үзье. Өндөр инфляци нь мөнгөний ханшны уналт, барааны үнийн өсөлт, бэлэн мөнгөний хомсд­лыг дагуулж байдаг болохоор сур­гуу­лийн материаллаг баазын, ту­хайл­бал байрын түрээс, гэрэл ца­хил­­гаан, дулаан, сургалтын хэрэгс­лийн үнэ өсч, сургалтын зардал ихсэ­хэд нөлөөлөх нь гарцаагүй. Үүнээс гадна дэд бүтцийн хөгжил, нэг өрхөд ногдох мөнгөн орлого, ажилгүйдэл, ДНБ-ний боловсролд зарцуулж буй хувь хэмжээ зэрэг үзүүлэлт нь эдийн засгийн орчны нөлөөллийг илэрхийлнэ.

Манай улсын боловсролын сал­барын тоон үзүүлэлтэд ажиглагддаг нэг парадокс бол хүн амын дотор дээд боловсролтой хүний эзлэх ху­вийн жин 8,6% буюу дэлхийн түв­шинд авч үзвэл доогуур үзүүлэлт боловч тэд­ний ажилгүйчүүдийн эгнээнд элсэх нь жилээс жилд нэмэгдэж буйд оршино. Энэ нь зах зээлийн эрэлт хэрэг­цээг төдийлөн сайн судлалгүйгээр мэргэжлийн ижил чиглэлээр олон сургуулиуд элсэлт авч, чанартай, чанаргүй төгсөгч нийгэмд бэлтгэн гаргаж байгаатай холбоотой. Иймд энэ парадоксыг арилгах, үгүйдээ гэхэд л багасгахын тулд татварын бод­логыг ялгавартай хэрэглэх, сур­галтын төлбөрийг өөрчлөх, ажлын байрны шударга өрсөлдөөнийг бий болгох зэрэг эдийн засгийн меха­низмыг ашиглах нь зүйтэй гэж үзэж байна.

 Хүн ам зүй, нийгмийн орчин:
Боловсролд хандах нийгмийн сэтгэл зүй, демографын бүтэц, сур­гуульд орох сонирхолтой хү­мүүсийн тоо хэмжээнд насны  эз­лэх хувь хэм­жээ, орлогын эх үүс­вэрээр ял­гаг­дах бүлгүүд, янз бүрийн угсаатны зүйн төрөл, тэдгээрийн дотогш ба гадагш хандсан шилжилт, олон нийтийн байгууллагын сонир­хол, санхүүгийн дэмжлэг зэрэг нь хүн ам зүй, нийгмийн орчны нөлөө­лөл болно.

Технологи, мэдээллийн орчин:
Технологийн ба мэдээллийн (компьютер, теле-харилцаа, интер­нэт, хэвлэл, телевиз радио г.м/ системд гарсан өөрчлөлт нь сургал­тын байгууллагын хөтөлбөрт шууд нөлөөлнө. Манай орны боловсролын байгууллагад техноло­гийн аливаа шинэчлэлийг хийхдээ эдийн засгийн хөгжлийн төвшин, хүн амын сэтгэл зүйн бэлтгэл, боловсон хүчний хүрэлцээ хангамж зэргийг харгалзан үзэж аажмаар нэвтрүү­лэх арга нь илүү тохиромжтой. Үүнийг нэмэгдэх шинэчлэл гэж нэрлэдэг бөгөөд шинэ технологийг бага үе шатаар буюу алхам алхмаар хийснээр эсэргүүцэлтэй тулгарах нь бага байдаг.
Э.Турбан, Ж.Мередит нарын дэвшүүлсэн “Их сургуулийн орчны загварчлал”-д сургалтын га­даад орчныг тодорхойлсон. Тухайн сур­гал­тын байгууллагаас үл хамаа­ран орших хүчин зүйл, нөлөөл­лийг сургалтын байгууллагын гадаад орчин гэж тодорхойлж болох юм. Өөрөөр хэлбэл сургалтын байгуул­лагын орчны үл хувьсах хэмжиг­дэхүү­нээр тодорхойлогдох орчныг сургалтын гадаад орчин гэнэ. Эн­дээс, гадаад орчны нөлөөлөлд сур­гал­тын байгууллага зохицон ор­шихоос бус тухайн, ганц нэг бай­гуул­лагын үйл ажиллагаанаас хамаарч гадаад орчин тодорхойлог­дох­гүй гэдэг нь харагдаж байна.

ХОЁР. СУРГАЛТЫН ДОТООД ОРЧИН

Сургуулийн дотоод орчин нь сурал­цагчдад сэтгэл зүйн болон оюуны чадамжаа нээн, эрэл хайгуул хийх, шинжлэн судлах, амьдралд хэ­рэгцээтэй дадал, чадварыг эзэм­ших, сурах таатай нөхцлийг бүрдүү­лэх, тэдний эрхийг хамгаалах бо­ломж бүрдүүлнэ. Сургалтын орчны бүрдэлтэд санхүү, материал, хүн хүч, сургал­тын арга технологи зэрэг сургуулийн үйл ажиллагаанд холбогдох нөөц, хүчин зүйлс орох бөгөөд тэдгээрийг материаллаг буюу биет (physical), социал буюу сэтгэл зүйн (psychological) орчин гэж ангилна.

 Сургалтын материаллаг орчинд:
Сурах сургах нөхцөл; (үүнд сур­гуу­лийн анги танхим, барилга бай­гуу­ламж, гэрэлтүүлэг, агаар­жуу­лалт, дулаан, чийгийн хэмжээ, но­мын сангийн хүртээмж хичээллэх, амрах, хооллох боломжийн бүрдэлт г.м)
Сургалтын хэрэглэгдэхүүн (ном, гарын авлага, сурах бичиг, сургал­тын тараах болон үзүүлэн та­ниу­лах материал, хөтөлбөр, төлөв­лөгөө, модель, макет  г.м)
Сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж. Сургалтын техник хэрэгсэл нь мэдээллийг хадгалах, дамжуу­лах, сэр­гээх, боловсруулах зориу­лалт­тай тул сургалтын хэрэглэгдэ­хүү­нээс тусад нь авч үзэх шаардла­га­тай гэж судлаачийн зүгээс үзэж байна.
Эрдэмтэн судлаачдын үзэж бай­гаагаар насанд хүрсэн хүн лекторын нэгэн хэмийн яриаг дээд тал нь 15-20 минутын турш анхааралтай сон­сох чадвартай бөгөөд үүнээс давбал анхаа­рал нь сарнидаг байна. Иймд сургалтын процесст суралцагчдын сонсох эрхтнээс гадна хараа ба хүр­тэхүйн бусад эрхтнийг зайлшгүй идэвхжүүлэх шаардла­га ур­ган гарах бөгөөд сургалтын хэрэг­лэг­­дэхүүн болон техник хэрэгслийг ашиг­лах нь дээрх асуудлыг шийдэх ди­дак­тик арга мөн. Сургалтын материаллаг орчныг бүрдүүлэхдээ сур­галтанд тавигдах эрүүл ахуй, техник технологи, сурган хү­мүү­жүү­лэх, гоо зүй, эдийн засгийн стан­дарт шаардлагуудыг хангасан байх ёстой. Боловсролын хүрээлэнгээс явуул­­сан их, дээд сур­гуулийн сургалтын орчны стан­дар­тын зарим үзүүлэлтийн судалгааны дүнгээс үзэхэд нийт 152 сур­гуулийн дөнгөж 8% буюу 12 сур­гууль 1 компью­терт ногдох оюутны тоо­ны үзүүлэлтийг, 52% буюу 79 сур­гууль 1 оюутанд ногдох ном, сурах бичгийн нормыг хангасан байна.

Хүн ам хэт нягтарсан, хот суу­рин газ­рын болон эрэлт хэрэгцээ их­тэй мэргэж­лийн сургуулиудад нэг баг­шид ногдох оюутны тоо, нэг оюу­танд ногдох хичээ­лийн байр талбайн хэм­жээ, нэгж талбайд ногдох гэрэл­түүлэг, дулаан, дуу чимээ­ний хяз­гаар гэх мэт орчны стан­дартын үзүү­лэл­тээр шаардлага хангахгүй байгаа сургуулиуд олон байна. Эндээс зөвхөн сурал­цагч­дын төдийгүй баг­шийн хөдөл­мөрийн норм, норма­тивын хэм хэмжээ алдагдаж, бо­лов­сон хүчний бодлогод ч сөргөөр нөлөөлөх талтай. Боловсролын байгууллагын орчны стандартад нэг багшид ногдох оюутны тоо сургуулийн чиглэлээс хамаарч дунджаар 10-20, нэг оюутанд ногдох хичээлийн байр талбайн хэмжээ 1,6-2,2м2, нэгж талбайд ног­дох гэрэлтүүлэг анги танхимын зориу­лал­таас хамаарч 20-50 люкс байхаар2  тус тус заасан байна.

 Сургалтын сэтгэл зүйн орчин:
Сургалтын сэтгэл зүйн орчинд үнд­сэн 2 асуудлыг багтаадаг. Үүнд: нэг нь сургуулийн хамт олны сэтгэл зүйн харил­цаа, нөгөө нь анги танхимд үүсэх сэтгэл зүйн харилцаа түүнийг зохицуулах арга зам юм.
Сургалтын дотоод орчныг тодор­хой­лох үндэс нь түүнийг давтагдашгүй бол­го­дог сургуулийн эрхэм зорилго, үнэт зүйлс, уламж­лал, түүх, ёс заншил юм. Үүнийг сургалтын байгуул­лагын зан чанар буюу сургуулийн доторх сэтгэл зүйн орчин гэж нэрлэдэг. Сур­гуульд сэтгэл зүйн таатай орчин бүрдүү­лэхэд менежер, удирдах ажилтнууд төдийгүй, сургууль-хамт олныг бүрдүүлж байгаа багш, ажилтнууд, суралцагчдын хичээл чармайлт, эцэг эх олон нийтийн байгуул­лагын оролцоо чухал үүрэгтэй.

Ерөнхий боловсролын сис­темийн өөрчлөлт, шинэчлэлийн хү­рээнд 2008-2009 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 6 настанг элсүүлэн сургах болсноор за­рим сурагч  сур­гуу­лиас тавих шаард­ла­­гуудыг ханган биелүүлэх чадвар­гүйн энэ нь тэдний буруу биш юм/ улмаас хүндрэл бэрх­шээл­тэй учирдаг. Иймээс сургуу­лийн шат ахих бүрт тухайн суралцагчийн сэт­гэцийн нөөц боломж, сургалтын үйл ажиллагаанаас үүсэх ачаалал, шаард­лагыг давах чадварыг урьд­­чилан харах нь багш, сургуу­лийн нийгмийн ажилтны үүрэг болж байна. Үүний тулд хичээлийн бичил ор­чинд суралцагчдад сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх нь зайлшгүй юм. Нэгж хичээл бүрээр суралцагчдын сэтгэл ханам­жийг бий болгоход нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байдаг.

Үүнд: 
Мотиваци: Суралцагч сурах сэдэл, тэмүү­лэлтэй байх ёстой. Хэрэв суралцагчдад сэдэл тэмүүлэл төрөхгүй бол сургал­тын явцад янз бүрийн бэрхшээл үүснэ. Үүний нэгэн адил багш өөрөө хичээлээ зохион байгуу­лах сэ­дэл тэмүүлэлтэй байх ёстой.

Арга барил, ур чадварын сонголт: Энэ нь сурагчид яаж хялбар дөхөм бө­гөөд хурдан сурах вэ гэдгийг шийдвэр­лэнэ. Өөрөөр хэлбэл, багшийн хи­чээлийн болон үзүү­лэн таниулах материалыг хэрхэн сонгосон дизайн, бататгал дасгал даалгав­рын сонголт зэрэг багтана.

Хичээлийн танилцуулга: Үүнийг сургалтын амин сүнс гэж үздэг. Тухайн нэгж хичээлийн шинэ ойлголт, ухагдахууныг тайлбарлах багшийн үг яриа, тайлбар, хичээлд ашиглах слайд, видео гэх мэт бүх хэрэгслийг энд багтаан үзнэ.

 Давтлага, бататгал: Хичээлийн турш болж өнгөр­сөн бүх үйл явцыг дахин давтах, эр­гэн сануу­лах нь багшид ч, сурагч­дад ч чухал ач холбогдолтой. Учир нь багш хичээл ямар түв­шинд зохион байгуулагдав, сурагч­­дын хэдэн хувь нь ямар ойлголт­той байна гэх мэт мэдээллийг эндээс олж авдаг. Энэ нь дараа дараагийн хичээлд бэлтгэх, төлөвлөхөд чухал нөлөөтэй байдаг.

 Үнэлгээ: Багш сурагчийн хооронд үл ойлгол­цол бий болдог хамгийн том шалт­гааны нэг нь үнэлгээ гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.

Сургалтын социал орчинд багтаан үз­дэг бас нэг ойлголт нь сургалтын үйлийн орчин хэмээх ойлголт юм. Энэ талаар гаднын эрдэмтдийн “сур­галтын үйлийн орчин” гэж тус­гайлан судалсан, тодор­хойл­сон судалгаа тодорхойгүй байгаа боловч багшийн заах /teaching/ арга барил, үйл ажиллагаатай холбогдох онол, концепциуд олон байдгийг хэн хүнгүй мэдэх билээ.  Амьдралынхаа шаардлага хэрэг­цээ­ний үндсэн дээр өөрийгөө болон хүрээлэн буй ертөнцөө танин мэдэх, бүтээлчээр хувирган өөрч­лөхөд чиглэсэн хүний идэвхт байд­лын өвөр­мөц хэлбэрийг үйл ажил­лагаа гэнэ3. Энэ нь сэдэл, зорилго, зүйл, бүтэц, хэрэгсэл гэсэн ойлгол­туу­даар тодорхойлогддог ажээ. Ха­рин монголын уламжлалт сургах зүйн онолд “хүнд биеийн, хэлний, сэт­гэлийн үйл байдаг” гэж үздэг. Су­рагчдын сурах үйлийг зөв гүйцэт­гэхэд шаардагдах нөхцлийг бий болгох; тэдэнд сурах үйлийн барим­жаа эзэм­шүүлэх, үйлийг зөв гүйцэт­гэх аргыг уламжлал ба шинэчлэлтэй хослуулан өвлүүлэх нь сургалтын үйлийн орчны гол утга санаа байх ёстой болов уу.

Нөгөө талаар, хэрэв багшийг анги танхимд сургалт зохион бай­гуулж буй менежер гэдэг утгаар авч үзвэл, багш хичээлээ төлөвлөх, зохион байгуулах, үлгэрлэн манлай­лах, хянах үндсэн үүрэг функц, үй­лийг гүйцэтгэдэг хэмээн үзэж болно.

 ДҮГНЭЛТ

Дээр өгүүлсэн сэдвээс санаа авч багш, судлаач нар маань эрдэм шинжилгээний ээлжит бага хуралд тавих илтгэлдээ дараах бичил судалгаануудыг хийж болох юм.

  • Өөрсдийн байгууллага, орон нутгийн жишээн дээр сургалтын гадаад орчны болон материаллаг, сэтгэл зүйн орчны шинжилгээ хийх
  • Сурган сэтгэл судлалын бу­сад онол концепциудтай хослуул­сан, харьцуулсан судалгаа хийх,
  • Сурагчдын сурлагын амжилт болон багш хамт олны төлөвшилд сургалтын орчны нөлөөлөл буй эсэхийг тодорхойлох
  • Багшийн хөдөлмөрт сургал­тын орчны нөлөөлөл хэр хувьтай байгааг тодорхойлох
  • Боловсролын шинэчлэлд сур­галтын агуулга, стандартын өөрч­лөлт шинэчлэл хамаарах тул сурах бичиг, гарын авлагын талаарх өөрсдийн үзэл бодлын судалгаа гэх мэт
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  1 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?