НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 12 сарын 16 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6441271
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
Анатоми-физиологийн парадигмаас –Боловсролын парадигмд шилжиж
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2007-11-07

Шинэ зууны боловсролын ханд­лага нь бүх нийтийн боловсрол хүр­тээмж­тэй, тасралтгүй, уян хатан, хүмүүнлэг, нээлттэй, ардчилсан байх зарчмыг баримталж байгаа­гийн зэрэгцээ суралцагчдын аливаа  ялгааг үл харгалзан  боловсрол эзэмшин хөгжих тэгш боломжоор хан­га­хад чиглэж байна. Манай орны боловсролын тог­тол­цооны шинэч­лэл нь энэхүү дэлхий нийтийн боловсролын чиг хандлагын дагуу хувь хүний хөгжих хэрэгцээг дээдэлсэн орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байгаа билээ. 
Иймээс юуны  өмнө тусгай хэ­рэг­­цээт боловсролын түүхэн үеийг   дурсах нь   өнөөдөр дэлхий нийтэд хурцаар тавигдаад байгаа  хөгж­лийн бэрхшээлтэй хүүхдийг бусад хүүхдийн адил боловрол эзэмших тэгш  боломжоор хангах ту­хай асуудлыг  ойлгоход  бага боловч нэмэр болно хэмээн үзлээ.  

Хүн төрөлхтөний түүхэнд тус­гай хэрэгцээт  боловсролын хөг­жил, хөгж­лийн бэрхшээлтэй хүүх­дийн боловсролын асуудлыг  хоёр зуун хагас жилийн түүхтэй,  та­­ван үе шаттай хэмээн үздэг байна. 

Үүнд:

I үе:   Хөгжлийн бэрхшээлтэй (та­хир дутуу) хүнийг үзэн ядаж гадуурхаж байснаас  халамжлах хандлагад шилжих;
II  үе: Хараа­гүй, сонсголгүй хүүхдийг сургах бо­ломжтойг ухааран  гэр оронд нь ган­цаарчлан сургасан бөгөөд улмаар анхны  тусгай сургууль байгуулаг­дан  тэднийг сургаж эхэлсэн.
III үе: Мэдрэхүй эрхтэний (харах сонсох) согогтой хүүхдийг тус­гаарлан сургаж байсан бөгөөд бүх  эмгэг согогтой хүүхэд суралцах эрх­тэйг гэж хүлээн зөвшөөрч эм­гэг согогийн чиглэлээр нь  тус тусад нь тусгай сургуульд сургаж байв. Энэ үед тусгай боловсролын  тог­толцоо бий болон хөгжиж эхэл­сэн аж. XIX зууны эхэн үеэс баруун европын орнуудад тусгай бо­ловсро­лыг удирдан зохион байгуулах норма­тив баримт бичгүүд гарчээ. Тухайл­бал: 1817 онд Дани улсад « сонсгол­гүй хүүхдийг заавал сургах тухай» баримт бичиг, 1882 онд Норвегид “оюуны хомсдолтой хүүхдийн сур­гал­тын тухай” хууль тус тус гарсан байна.
IV үе: Хөгжлийн бэрх­шээл­тэй хүүхдэд   тусгай боловс­рол зайлш­гүй шаардлагатай гэдгийг ухаарс­наас тийм хүүхдийг тусгай боловсролд  тэгш эрхтэйгээр хамрахын тулд хараа, сонс­гол, оюун ухаан, бие эрхтний эм­гэг согогтой гэсэн категорит ангилан, энэ чиглэлээр сургууль байгуулан сургаж байв. Энэ  үе шатанд тусгай боловсролын тогтолцоо тусдаа хөгжиж эхэлжээ. Өөрөөр хэлбэл тусгай боловсрол хэвтээ ба босоо тэнхлэгээр тусгай сур­гуулийн дэргэд сургуулийн өмнөх,  сургуулийн  дараах  мэргэжил олгох  сургууль, байгууллага байгуулаг­дан, сургалтын байгууллагын олон хэлбэр бий болов. Тухайлбал: сонс­гол­гүй, сул сонсголтой, хараагүй сул хараатай, хэл ярианы, тулах эрх­тэний дутуу хөгжилтэй,  оюун ухааны сааталтай гэх мэт  янз бүрийн тусгай сургуу­лиуд олноор бий болон хөгжсөн байна. Энэ үе шатны эхэнд ба­руу­ны  бүх орнуу­дад   бүх нийтийг үнэ төлбөргүй, заавал бага боловс­рол эзэмшүү­лэх  тухай хууль  хэ­рэгж­сэн бөгөөд түүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг мөн хамруулсан байна.
V үе: Энэ үе  шатанд тэгш эрхтэйгээр тусгай сургуульд сурал­цахаас «суралцах  тэгш бо­лом­жоор хангагдах»-д шилжээд байна.

Өөрөөр   хэлбэл,  институт­ чилэх үе шатнаас интеграцчилах буюу   сурал­цах, хөгжих  тэгш  орчин нөх­цөлөөр хангах үйл явцад шилжиж байна. Эдгээр  таван үе шатны  эхний үеүд европын орнуудын хувьд ижил хугацаанд явагдаж байжээ. Гэхдээ XX зууны төгсгөл үеэс  өөр өөр хөгжлийн ялгаатай болсон байна. 

1970- аад оны эхэн үеэс ев­ропын орнуудын хувьд  дээрх түүхэн хөгжлийн эхний үе шатанд суурь нь тавигдсан хөгжлийн бэрх­шээлтэй хүнийг  ялган гадуурхах үзлийг төгс ялж, амжилтанд хүрсэн гэж үздэг.  Тав дахь үе шатанд  хүн төрөлхтөний хөгжил дэвшилтэй холбоотойгоор  хүмүүнлэг хандлага дээд оргилдоо хүрсэнээр янз бү­рийн хязгаарлалттай хү­мүүст  сурал­цах, хөгжих тэгш орчин бүрдүүлж эхэлсэн.  Ингэснээр  хүн төрөлхтөний  соёл иргэншлийн түүхэнд   хүн бүр боловсрол эзэм­шиж «хувь заяаныхаа эзэн болон»,  өөрийнхөө амьдралын өмнө ха­риуц­лага хүлээх нь тухайн хүний анатоми физиологийн дутуу  дули­маг, онцгой байдлаас  үл шалтгаал­на гэдгийг хүлээн зөвшөөрөх нөхцөлд хүргэсэн байна.

Өнөөдөр дэлхий нийтэд  тусгай хэрэгцээт  боловсролын хүрээнд  сур­галтын дэвшилтэд арга ханд­лага   болох хүүхэд төвт сургалтаар боловсролд  бүх хүүхдийг  сурал­цах, хөгжих тэгш боломжтойгоор хам­руулах /Inclusive education/ гэсэн  ойлголтын дор өргөн хүрээ­тэй асуудлыг авч үзэж байна.   Ту­хайл­бал:  суралцах, хөгжих явц нь бэрх­шээлтэй байгаа  бүх хүүхдийн боловсролын хэрэгцээг  ерөнхийлөн авч үзэж

  • хөгжлийн бэрхшээлтэй
  • ядуу эмзэг бүлгийн
  • хараа хяналтгүй
  • алслагдмал буюу нүүдэлч­дийн
  • онцгой авъяастай
  • цөөнх үндэстэний гэх мэ­тээр хүүх­­­дэд анхаарлаа хандуулж бай­на.

Ингэхдээ тэдэнд боловсролын үйл­чил­гээний онцлогийг илэрхийл­сэн  сурган хүмүүжүүлэх  нэмэлт тус­ламж дэмжлэг зайлшгүй шаард­ла­га­тай  гэсэн ойлголтын үүднээс  « Боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхэд» гэсэн  ерөнхий нэр томьёог хэрэглэж байна.

1970-аад оны сүүлчээр  Анг­лийн мэргэжилтнүүд  «боловсро­лын тусгай хэрэгцээ шаардлагатай хүү­хэд»  хэмээх нэр томьёог  са­нал болгосон билээ.  Энэ нь нийтээр занш­сан нийгэмших хэм хэмжээ, хэвийн  сурлагын  амжилт,  ний­гэмд тогтсон  зан төрх, харилцааны хэм хэмжээ зэрэгтэй  тухайн хүүх­дийн  бодит боломж тохирохгүй үед   үүсч бий болсон  дутуу дулимаг, хязгаар­лал­тын тухай  ойлголт юм.
1994 онд Испанийн Саламанка хотод болсон  Тусгай хэрэгцээт бо­ловсро­лын тухай олон улсын бага хурлаас Тусгай хэрэгцээт бо­ловсролын үйл ажиллагааны хө­төл­бөр  буюу  Саламанкагийн тун­хаг­лалыг гаргасан юм. Түүнд «Боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхэд»  гэдгийг су­рал­цах явцдаа ямар нэг бэрхшээл­тэй байгаа бүх хүүхэд залуучууд хамрагдана гэж тайлбарлажээ.

“Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхэд” гэсэн нэр томьёо нь ха­рахад “хэрэгцээ”-ний тухай агуулж  байна.  “Хэрэгцээ” гэдэг нь хүн нийг­мийн амьдралд  тогтвортой  орол­цох   нөхцөл боломж юм (Хаяаши Кензо, 2006 ). Австралийн Lang & Berberich (1995)  “ тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхэд” гэсэн нэр томьёог  юуны өмнө  бие бялдар, оюуны чадвар,  сургах, суралцах нөхцөл  боломжинд тусламж дэмж­лэг үзүүлэх нь зайлшгүй хэмээн зөвшөөрөгдсөн  хүүхдийг авч үзнэ  гээд, “сургалт”  гэдгийн цаана  багш нар болон удирдлагын тэргүүн турш­лага хэрэгцээтэй байгаа хүүхдийг“ тусгай хэрэгцээтэй хүүхэд гэнэ” гэж нэмж тайлбар­лажээ.  Харин  Америкийн судлаач Richard M. Gargiulo (2005)  “тусгай хэрэгцээ”-ний цаана зориудын материал хэрэглэгдэхүүн, үйлчил­гээ,  багшийн ур чадвар зэргийг хэрэглэх нь  зайлшгүй  шаардлага­тай тухай өгүүлнэ  гэж  үзжээ. Нэг талаас суралцах явцдаа бэрхшээл­тэй байгааг, нөгөө талаас сурган хүмүүжүүлэх нэмэлт тусламж дэмжлэг нэн хэрэгцээтэй гэсэн утга гэжээ. ( DussegaardB.1998)

Дээрх эрдэмтдийн  тодорхойлс­ноос харахад   “тусгай хэрэгцээ шаард­ла­гат­ай хүүхэд” гэсэн  нэр томьёо нь    хүүхдийн  бие эрхтний ду­туу дулимагт  төвлөрч “тусгай” хэ­мээн үзэж ирсэн  уламжлалт хандлага өөрчлөгдөн харин тэдний “суралцах хэрэгцээ,  үйл ажил­лагаанд тэгш боломжтойгоор оролцох”, “багшийн ур чадвар”-ын талаар  анхаарлаа хандуулах нь илүү чухал  болохыг өгүүлж байна.   “Тусгай хэрэгцээт бо­ловсрол” гэж  Америкийн судлаач Richard M.Gargiulo (2005) “суралцагч хувь хүний шаардлагатай хэрэг­цээнд сургалтын хөтөлбөрийг нийцүүлэн  төлөвлөн боловсруулс­ныг хэлнэ” гэжээ. Харин Оросын эрдэмтэн Н.М.Назарова (2002)  сур­ган хүмүүжүүлэх ухааны  хүрээнд бие хүнд чиглэсэн  тухайн хувь хү­ний боловсролын хэрэгцээ шаард­ла­га, хүндрэл бэрхшээлтэй асууд­лыг шийдэх гэсэн утгыг илэрхийлдэг  гэж тайлбарласан байна.

Боловсролын тусгай хэрэгцээ шаард­ла­гатай хүүхдийн тухай бо­лон тэдний төрөл тоог тодорхой­лохдоо «олон хүүхэд суралцах явц­даа  бэрхшээлтэй учирдаг» гэсэн өгүүлбэрийг  тодотгон авч үздэг.  Мэдээж ийм хүүхэд болгоныг эмгэг согогтой буюу хөгжлийн бэрхшээл­тэй  (тахир дутуу)  хүүхэд гэж хэлж болохгүй боловч тэдэнд хүүхэд төвт сургалтын хүрээнд   нэмэлт сур­ган хүмүүжүүлэх тусламж, дэмжлэг  үзүүлэх шаардлагатай байдаг. Нэмэлт тусламж дэмжлэг гэ­сэн ухагдахуун нь боловсролын үйлчилгээг илэрхийлсэн өргөн хүрээтэй  ойлголт. Тухайл­бал:  хувь хүүхдийг дэмжих хөтөл­бөр, багшийн ур чадвар, хамт олны таатай орчин гэх мэт. Хүүхдийн сурч танин мэдэх үйл ажиллагааны явц, үр дүн нь сурах сэдэл, сонирхол хэрхэн бүрдсэнтэй шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл сурах зөв сэдэл бий болгох нь сурах үйл  ажиллагааны хөдөлгөгч хүч юм.   Сурах сэдэлд нэг талаас гадна орч­ноос сурах үйл ажиллагааг  идэвх­жүүлж буй сурах таатай орчин, эцэг эх, багш сур­ган хүмүү­жүүлэгч, найз нөхөд, хамт олны нөлөөлөл зэрэг хүчин зүйлс ордог. Нөгөө талаас   сурах үйл ажилла­гаа­ны  идэвхтэй субъект нь сурал­цаг­чид өөрсдөө бай­даг. Тиймээс   сурах үйл ажил­лагааны үр дүн нь хүүхдийн хүсэл, сонирхол, идэвх, зүтгэлээс ихээ­хэн шалтгаална.  

Манай оронд тусгай   боловсрол үүсч хөгжихөд Оросын Холбооны улс ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.  Тэнд нийгэм, улс төрийн өөрчлөлт болсон 1980- 1990 онуудын зааг дээр  «дефекто­логия» гэсэн нэр томьёоны утгын мөн чанар нь бас л  алдагдсан  гэж судлаачид үзэж байна.  Учир нь дэл­хий нийтийн шинжлэх ухааны  хөгжил бусад гадаад орны бо­ловсро­лын практиктай холбоо­тойгоор 1990-ээд оны эхэнд боловс­ролын хүмүүнлэг хандлагын зарчмаар «дефектология» гэсэн нэр томьёог бусад гадаадын ор­нууд хүлээн  зөвшөөрөхөө больж, түүнд сөрөг хандаж эхэлсэн  аж.  Ийн­хүү  “дефектология” гэдэг нэр томьёо нь  Зөвлөлтийн эрин үетэй­ өнгөрөн одож,  өнөөгийн дэлхий нийтэд хэрэглэж буй  сурган хү­мүү­­­жүүлэх утга санааг илэрхийл­сэн  нэр томьёог хэрэглэхэд шил­жиж  байгааг эрдэмтэд зүй ёсны үйл явц гэж үзэж байна. Тиймээс аль ч улс орон тусгай хэ­рэг­цээт боловсрол буюу бо­ловс­ролд тэгш  боломжтойгоор   хам­руулах нь  хүүхдийн ямар нэг  эм­гэг согогт анхаарлаа хандуулах гэсэн ойлголт биш, харин бие хүн, хувь хүн, үйл ажиллагааны идэвх­тэй субъект  гэдэгт  боловсролын үйл­чилгээг төвлөрүүлж, аль ч хүүхдийн  суралцах үйл ажил­лагаа­ны явцад нь анхаарал тавьж байна.

Боловсролын тусгай хэрэгцээ  шаардлагатай хүүхдийн    ангилал, статистик нь тухайн улс орны  соёл иргэншилтэй (эмнэлэг, сурган хү­мүү­жүүлэх, нийгэмшүүлэх ажлын  чанар) холбоотой учир янз  бүр бай­даг.  Тиймээс ч улс орон бүхэн өөр  өөр шалгуур  үзүүлэл­тээр үнэлдэг учраас дэлхийн хэмжээнд   нэгдсэн зөв тоо баримт байдаггүй  ажээ. Үүнтэй холбоо­той­гоор европын ор­нуудын шал­гуурыг  хөгжиж буй оронд шууд авч хэрэглэж болдоггүй байна. Хөгж­лийн түвшин буурай орнуудын хувьд   харилцах, харах, ойлгох, явах хөдлөх  бэрхшээлтэй хүүх­дийн тоо их байхад, боловс­ролын түвшин өндөр улс орны хувьд ярих, унших, бичих, сонсох бодох зэрэг сурах арга барил эзэмших бэрхшээлтэй хүүхдийн тоо их байх хандлагатай ажээ.  Энэ нь орчин үеийн дэлхийн  боловсролын системийн хүмүүн­лэг хандлагад  нийцдэг.  Тусгай боловсролын  түүхэн хөгжлийн эхэн үед сурган хүмүү­жүүлэх ухааны нэр томъёо бий бо­лоо­гүй байв. Энэ үед бусад хүмүү­сээс хөгжлийнхөө хувьд дутаг­далтай, анатоми-физиологийн хувьд эмгэг согогтой гэдгээр нь хүнийг тодорхойлж, эмнэлгийн   нэр томьёог нийтээр хэрэглэн заншса­наас  гадна шалтгаан (этология),  шинж тэмдэг (симтоматик) гэсэн ухаг­дахуунд  суурилж байв.  Ту­хайл­­бал:  оюун ухааны хомсдол, хараагүй, дүлий гэх мэт. Энэхүү ана­гаах ухаанаас зээлдсэн  үг хэллэг, нэр томьёоны хуримтлал нь тусгай боловсролын шинжлэх ухааны  хэллэгт тусгагдан батаж­сан бай­на.  Тусгай боловсролын хү­рээнд тусгай сэтгэл судлал хөг­жих­дөө ойлголт, нэр томьёо­­­ны мөн чанар нь мөн л шалт­гаан, шинж тэмдэгт суурилсан «оношлогоо»-ны үүдэлтэй бол­жээ. Тухайлбал: сэтгэцийн хөгж­лийн түр сааталтай хүүхэд гэх мэт. 

 Сүүлийн  жилүүдэд дэлхий нийтэд анагаах ухаан, анатоми- фи­зио­логийн нэр томьёо, үг хэл­лэгийг хэрэглэн  хүнийг тодорхой­лохоос тат­галзаж, нийгмийн харил­цааны хүрээнд   боловсролын  үйлчил­гээ­­ний утгыг илэрхийлсэн нэр томьёо, үг хэллэг, тодорхой­лол­тыг хэрэглэх хандлагад шилжиж байна. Энэ нь анагаах ухаан, анатоми- физиоло­гийн парадигмаас боловсролын үйл­чилгээнд чиглэсэн парадигмад  шилжиж байгаагийн илрэл юм.

Тусгай  хэрэгцээт  боловсролын чиглэлээр ажиллаж байгаа багш  нар дараах ангилалыг сайтар үзэж судалсан байх шаардлагатай гэж үзэж байгаа аж.  Үүнд:

  • Гоц авъяас
  • Сурлагын хоцрогдол
  • Анхааралын  тогтворжилт дутмаг
  • Зан төрхийн  өөрчлөлт
  • Хэл ярианы өөрчлөлт
  • Оюун ухааны хомсдол
  • Сонсголын бэрхшээл
  • Харааны бэрхшээл
  • Аутизм, солонгын өөрчлөлт
  • Бие бялдрын болон хөдөлгөө­ний бэрхшээл, эрүүл мэндийн байдал, тархины гэмтэл

Энэхүү жагсаалт нь  боловсро­лын  хэрэгцээг илэрхийлэхээс гадна, хувь хүний бусад  нарийн хэрэгцээг шинжин таньж мэдэх  шаард­лагатайг илэрхийлнэ. Тий­мээс нэгдсэн нэгдмэл  үйлчил­гээ­ний үзэл баримтлалын үүднээс энэхүү ангиллыг ашиглана. Тухайлбал: Багш нарын хувьд олон салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах гэх мэт.

Түүнчлэн хүүхэд бүрийн  бо­ловсролын хэрэгцээг  хангаж байх үйлчилгээ нь дараах олон сал­барын хамтын ажиллагааг шаард­даг гэж үздэг байна.  Үүнд:  

  • Эмчилгээний биеийн тамир
  • Сонсгол судлахуй
  • Сувилахуй
  • Тээвэрлэл
  • Хэл засал
  • Сэтгэл зүй  
  • Тоглоом, амралтын засал
  • Орон зайн баримжааны болон хөдөлгөөний засал
  • Сэргээн засалт
  • Хоол тэжээл
  • Нийгмийн ажил
  • Мэргэжлийн боловсрол
  • Нөхөн сэргээх зөвлөгөө
  • Эцэг эх
  • Эрүүл мэндийн үйлчилгээ

Чадварлаг мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа болон хамтын орол­цоо нь  дараах тохиолдолд  маш үр дүнтэй  гэж үзэж байгаа аж. Үүнд:

  • Сургалтыг хүүхэд бүрийн ял­гаа­тай хэрэгцээнд нийцүүлж ча­даагүй  тохиолдолд  зөвлөгөө өгөх
  • Ялгаварлаж үзэлгүйгээр үнэл­гээ хийх
  • Мэргэжлийн багаас хүүхдийн ял­гаатай хэрэгцээнд нийцэж, тохирсон төлөвлөлт,  хөтөлбөрийг санал болгон  дэвшүүлэх

Хамтын ажиллагааны хамгийн сайн арга нь суралцагчийн хөгж­лийг цогцоор тусгасан боловсро­лын  хувь хүүхдийг дэмжих хөтөл­бөр (individual education program, IEP)  гэж үздэг бөгөөд хүүхэд бүрийн  боловсролын ялгаатай хэрэгцээг  хангаж байх үйлчилгээ гэж тооцдог байна. Энэ нь эцэг эх, багш, мэргэжилтнүүдийн хамтар­сан багийн хийх шаардлагатай  үйл явц ажээ.

Ц.Баттуяа (Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D))

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  12 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?