НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 10 сарын 16 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6356481
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
Боловсролын тухай хууль
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2006-09-12

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 5 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь боловсролын үндсэн зарчим, тогтолцоо, агуулга, удирдлага, зохион байгуулалт, боловсролын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, иргэний сурч боловсрох эрхийг хангахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Боловсролын тухай хууль тогтоомж

2.1.Боловсролын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.”бүх нийтийн ерөнхий боловсрол” гэж 11 жилийн сургалтын агуулгын түвшинг;
3.1.2.”суурь боловсрол” гэж 9 жилийн сургалтын агуулгын түвшинг;
3.1.3.”боловсролын агуулга” гэж боловсролын тухайн түвшинд эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал, төлөвшлийн цогцыг;
3.1.4.”боловсролын түвшин” гэж тухайн шатанд эзэмшвэл зохих сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын агуулгын стандартаар тогтоосон мэдлэгийн хэмжээг;
3.1.5.”сургалтын байгууллага” гэж боловсролын нэг буюу хэд хэдэн түвшний боловсролын агуулгыг хэрэгжүүлдэг хуулийн этгээдийг;
3.1.6.”албан боловсрол” гэж боловсролын албан ёсны байгууллагаар дамжуулж, суралцагчийн ерөнхий болон мэргэжлийн зохих түвшний боловсрол эзэмших хэрэгцээг хангадаг боловсролын зохион байгуулагдсан үйл ажиллагааг;
3.1.7.”албан бус боловсрол” гэж боловсролын албан ёсны тогтолцооноос гадуур иргэнд боловсролын үйлчилгээ үзүүлэх зохион байгуулалттай үйл ажиллагааг;
3.1.8.“багц цаг” гэж дээд болон мэргэжлийн боловсролын агуулгын багтаамжийг хэмжих нэгжийг.

4 дүгээр зүйл. Боловсролын зорилго

4.1.Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино.

5 дугаар зүйл. Боловсролын үндсэн зарчим

5.1.Боловсролын үндсэн зарчим нь:
5.1.1.боловсролыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, төрийн ивээл, зохицуулалт, төр, олон нийтийн хяналтад байлгана;
5.1.2.Монгол Улсад боловсрол нь хүмүүнлэг, ардчилсан, тасралтгүй, бүх нийтэд хүртээмжтэй байх бөгөөд үндэсний болон хүн төрөлхтөний соёл иргэншлийн үнэт зүйлс, дэвшилт өв уламжлал, шинжлэх ухаанд тулгуурлана;
5.1.3.боловсрол эзэмшүүлэх арга, хэлбэр олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байна;
5.1.4.иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох нөхцөлөөр хангана;
5.1.5.нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий сургалт зохион байгуулахыг хориглоно;
5.1.6.өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр боловсролын байгууллагад адил тэгш хандана.

6 дугаар зүйл. Иргэний сурч боловсрох үндсэн эрх, үүрэг

6.1.Монгол Улсын иргэн бүх шатны боловсролыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу төлбөргүй буюу төлбөртэйгээр сурч эзэмших, ажил эрхлэхийн зэрэгцээ суралцах эрхтэй.
6.2.Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно.
6.3.Монгол Улсын иргэн суурь боловсрол заавал эзэмших үүрэгтэй.

7 дугаар зүйл. Боловсролын тогтолцоо

7.1.Монгол Улсад боловсролын тогтолцоо нь албан ба албан бус боловсролын нэгдэл байх бөгөөд сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд боловсролоос бүрдэнэ.
7.2.Албан боловсролын агуулга, стандартыг хуульд заасан журмын дагуу тогтооно. Албан бус боловсролын агуулга чөлөөтэй байна.

8 дугаар зүйл. Боловсрол эзэмших арга, хэлбэр

8.1.Иргэн нь боловсролыг албан болон албан бус сургалтаар эзэмшиж болно. Албан сургалт нь өдөр, орой, эчнээ, экстернат зэрэг хэлбэртэй байж болно.

9 дүгээр зүйл. Боловсролын баримт бичиг

9.1.Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн.
9.2.Боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх, диплом/-ийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Боловсролын агуулга, стандарт

10 дугаар зүйл. Боловсролын агуулга

10.1.Боловсролын агуулга нь суралцагчийн нас, бие, сэтгэхүйн онцлог, авьяас, сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, үндэсний өв, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.

11 дүгээр зүйл. Боловсролын агуулгын түвшин, стандарт

11.1.Боловсролын агуулгыг түвшингээр нь сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд гэж ангилна. Боловсролын агуулгыг Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасны дагуу тус тус тодорхойлж, боловсролын улсын стандартаар нарийвчлан тогтооно.
11.2.Боловсролын стандарт нь суралцагчийн зайлшгүй эзэмшсэн байвал зохих түвшин /сургуулийн өмнөх, бага, дунд, дээд/-ий боловсролын агуулга, түүний үнэлгээ, багшийн мэргэжлийн түвшин, сургалтын байгууллагад тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлно.
11.З.Боловсролын улсын стандартыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай1 хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу баталж, улсын бүртгэлд бүртгэнэ. Боловсролын стандартыг боловсруулахдаа мэргэжлийн байгууллага, шинжээч нарыг оролцуулна. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр боловсролын улсын стандартыг өөрчлөхийг хориглоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Боловсролын байгууллага

12 дугаар зүйл. Боловсролын байгууллага

12.1.Боловсролын зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг боловсролын байгууллага гэнэ.
12.2.Боловсролын байгууллага нь ашгийн төлөө бус байна.

13 дугаар зүйл. Боловсролын байгууллагын тогтолцоо

13.1.Боловсролын байгууллагын тогтолцоо нь сургалтын, эрдэм шинжилгээ, арга зүйн болон бусад байгууллагаас бүрдэнэ.

14 дүгээр зүйл. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллага

14.1.Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв байна.

15 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллага

15.1.Дээд боловсролын сургалтын байгууллага нь их сургууль, дээд сургууль, коллеж байна. Их сургууль нь эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн буюу эрдэм шинжилгээ-сургалтын, дээд сургууль нь сургалт-эрдэм шинжилгээний, коллеж нь сургалтын буюу сургалт-үйлдвэрлэлийн хэв шинжтэй байна.

16 дугаар зүйл. Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага

16.1.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь боловсролын хөгжлийн асуудлаар суурь болон хавсарга судалгаа явуулах, бүх шатны сургууль, цэцэрлэг, иргэдэд судалгаа, шинжилгээний мэдээллээр үйлчлэх, сургалт-арга зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа эрхэлнэ.
16.2.Аймаг, нийслэлийн боловсролын төв нь тухайн нутаг дэвсгэрийн цэцэрлэг, сургуульд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш, иргэнд боловсрол, мэргэжил эзэмших, мэргэшлээ дээшлүүлэх судалгаа, шинжилгээ эрхлэхэд нь туслах үүрэг бүхий эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага мөн.
16.3.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага болон аймаг, нийслэлийн боловсролын төв нь түшиц цэцэрлэг, сургуультай байж болно.
16.4.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагын дүрэм болон аймаг, нийслэлийн боловсролын төвийн үлгэрчилсэн журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

17 дугаар зүйл. Албан бус боловсролын байгууллага

17.1.Албан бус боловсролын судалгаа, арга зүйн байгууллага нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд ажиллана.
17.2.Аймаг, нийслэл, сум, дүүрэгт албан бус сургалтыг зохион байгуулах, бие даан суралцагчид туслах үүрэг бүхий албан бус боловсролын төвийг бие даасан хэлбэрээр, эсхүл сургалтын байгууллагыг түшиглүүлэн ажиллуулна.
17.3.Албан бус боловсролын судалгаа, арга зүйн байгууллагын дүрэм, зохион байгуулалтын бүтцийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

18 дугаар зүйл. Сургалтын бусад байгууллага

18.1.Сургуулиас гадуурх сургалтын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрийн үйл ажиллагааны чиглэлээр нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, хууль зүй, байгаль орчин, гоо зүй, соёл, урлаг, спорт, эрүүл мэнд, гэр бүлийн болон ахуйн хүрээний асуудлаар тусгай хөтөлбөрийн дагуу хүүхэд, насанд хүрэгчдэд боловсрол эзэмшүүлэх, боловсрол, мэргэшлээ дээшлүүлэхэд нь туслалцаа үзүүлж болно.
18.2.Иргэнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зайлшгүй шаардагдах мэргэжил эзэмшүүлэх, мэргэшил дээшлүүлэх сургалтыг бүх шатны сургууль, бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэн эрхэлж болно.
18.3.Аж ахуйн нэгж, байгууллага боловсролын үйл ажиллагаа тогтвортой эрхлэх бие даасан нэгжийг хууль тогтоомжид заасан журмын дагуу байгуулан ажиллуулж болно.
18.4.Шашны сургуульд суралцагчид суурь боловсрол эзэмшүүлэх харилцааг энэ хууль болон Төр, сүм хийдийн харилцааны тухай2 хуулиар зохицуулна.

19 дүгээр зүйл. Боловсролын сургалтын байгууллага байгуулах

19.1.Боловсролын сургалтын байгууллагыг зориулалтын барилга, байгууламж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг, багшлах боловсон хүчнээр хангагдсан нөхцөлд өмчийн аль ч хэлбэрт үндэслэн байгуулж болно.
19.2.Боловсролын сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан өдрөөс эхлэн байгуулагдсанд тооцно.
20 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох байгууллага
20.1.Боловсролын сургалтын байгууллагыг байгуулах тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай3 хуулийн 15.7.1, 15.7.2, 15.7.4, 16.2.4, 16.3.3-д заасны дагуу их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ерөнхий боловсролын сургуульд аймаг, нийслэлийн Засаг дарга, цэцэрлэгт сум, дүүргийн Засаг дарга тус тус олгоно.

21 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

21.1.Боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч нь тусгай зөвшөөрөл авахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь баримт бичгийг сургалтын үйл ажиллагаа эхлэхээс зургаагаас доошгүй сарын өмнө тусгай зөвшөөрөл олгох байгууллагад ирүүлнэ:
21.1.1.боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, өргөдөл, үүсгэн байгуулах тухай гэрээний аль нэг;
21.1.2.боловсролын сургалтын байгууллага байгуулах үндэслэл, тооцоо бүхий танилцуулга;
21.1.З.сургалтын төлөвлөгөө;
21.1.4.багшлах боловсон хүчний хангамж, бүрэлдэхүүн, боловсролын түвшин, зэрэг, цолны судалгаа;
21.1.5.сургалт явуулах барилга байгууламж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүний баталгаа;
21.1.6.санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, түүний баталгаа;
21.1.7.үүсгэн байгуулагчаас сургалтын байгууллагын мэдэлд шилжүүлэх хөрөнгө /биет болон мөнгөн/-ийн жагсаалт, хэмжээ, баталгаа;
21.1.8. байгууллагын эзэмшил газрын зөвшөөрөл.
21.2.Боловсролын сургалтын байгууллага шинэ мэргэжлээр сургалт явуулах, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан баримт бичгээс гадна энэ хуулийн 21.1.3 - 21.1.7-д дурдсан баримт бичиг, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, сургалт явуулах үндэслэл, тооцоог сургалтын үйл ажиллагаа эхлэхээс таваас доошгүй сарын өмнө тусгай зөвшөөрөл олгох байгууллагад ирүүлнэ.
21.3.Шинэ мэргэжлээр сургалт явуулах, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гарснаас хойш долоо хоногт багтаан тухайн сургалтын байгууллагын тусгай зөвшөөрлийн баримт бичигт нэмэлт тэмдэглэл хийнэ.

22 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох, улсын бүртгэлд бүртгэх

22.1.Боловсролын сургалтын байгууллага байгуулахад тусгай зөвшөөрөл олгох, улсын бүртгэлд бүртгэх асуудлыг дараахь журмаар шийдвэрлэнэ:
22.1.1.тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага энэ хуулийн 21.1-д заасан баримт бичгийг үүсгэн байгуулагчаас хүлээн авснаас хойш ажлын 21 өдрийн дотор боловсролын сургалтын байгууллага байгуулах урьдчилсан зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх;
22.1.2.урьдчилсан зөвшөөрөл олгох тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан өдрөөс үүсгэн байгуулагч тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангах талаар санал болгосон нөхцөлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
22.1.3.үүсгэн байгуулагч тусгай зөвшөөрлийн шаардлагыг бүрэн хангасны дараа холбогдох баримт бичгийг өргөдлийн хамт эрх бүхий байгууллагад ирүүлэх;
22.1.4.тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрх бүхий байгууллага төрийн захиргааны болон боловсролын байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүхий шинжээчийн хэсэг томилж, магадлан шинжилгээ хийлгэнэ. Магадлан шинжилгээ хийлгэхтэй холбогдсон зардлыг үүсгэн байгуулагч хариуцах
22.1.5.шинжээчийн хэсэг томилогдсоноосоо хойш 30 хоногт багтаан баримт бичигт магадлан шинжилгээ хийж, газар дээр нь танилцан дүгнэлт гаргах;
22.1.6.энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан байгууллага шинжээчийн хэсгийн дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох, эсэх тухай шийдвэр гаргаж, үүсгэн байгуулагчид мэдэгдэх;
22.1.7.тусгай зөвшөөрөл олгох мэдэгдэл өгснөөс хойш 15 хоногийн дотор боловсролын сургалтын байгууллагыг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг үүсгэн байгуулагчид олгох.
22.2.Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг хамтарсан буюу дагнасан хэлбэрээр байгуулах тусгай зөвшөөрлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
22.3.Боловсролын сургалтын байгууллага нь үүсгэн байгуулах гэрээ, дүрэмдээ өөрчлөлт оруулсан, дүрмийн сан, оршин байгаа газраа өөрчилсөн бол энэ тухайгаа бүртгэх байгууллагад 14 хоногийн дотор бичгээр мэдэгдэж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.

23 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах

23.1.Тусгай зөвшөөрлийн хугацааг сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд, дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын хугацаатай уялдуулан тогтооно.
23.2.Тусгай зөвшөөрлийн хугацааг он, сар, өдрөөр тодорхойлох бөгөөд тухайн сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн тоолно.
23.З.Хугацаа сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас гурван сарын өмнө гаргана.
23.4.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1-д заасан нөхцөл байдал илрээгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн 14 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана.

24 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

24.1.Тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1-д зааснаас гадна дараахь үндэслэлээр түүнийг хүчингүй болгоно:
24.1.1.боловсролын стандарт зөрчсөн;
24.1.2.нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй сургалт зохион байгуулсан нь холбогдох мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон;
24.1.3.улсын бүртгэлд бүртгүүлсэн буюу тусгай зөвшөөрөл авснаас хойш зургаан сарын дотор үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй;
24.1.4.хуульд заасан бусад үндэслэл.

25 дугаар зүйл. Боловсролын сургалтын байгууллагыг татан буулгах

25.1.Боловсролын сургалтын байгууллагыг дараахь тохиолдолд татан буулгана:
25.1.1.үүсгэн байгуулагчийн буюу үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу эрх олгогдсон этгээдийн шийдвэрээр;
25.1.2.тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон;
25.1.З.татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан;
25.1.4.хуульд заасан бусад үндэслэл.
25.2.Боловсролын сургалтын байгууллагыг энэ хуулийн 25.1.1, 25.1.3-т заасны дагуу татан буулгасан бол энэ тухай шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор тухайн сургалтын байгууллагын удирдлага бүртгэх байгууллагад мэдэгдэнэ.
25.З.Тухайн боловсролын сургалтын байгууллагыг бүртгэх байгууллага улсын бүртгэлээс хассанаар татан буугдсанд тооцно.
25.4.Боловсролын сургалтын байгууллага татан буугдсан болон суралцагчид учирсан хохирлыг арилгуулахтай холбоотойгоор үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ.

26 дугаар зүйл. Боловсролын магадлан итгэмжлэл

26.1.Боловсролын магадлан итгэмжлэл нь дээд боловсролын сургалтын байгууллага, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааны түвшин, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарт хөндлөнгийн мэргэжлийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах ажиллагаа мөн.
26.2.Боловсролын магадлан итгэмжлэлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллага, шинжээч хэрэгжүүлнэ.
26.3.Магадлан итгэмжлэх байгууллагын дүрмийг Засгийн газар батална.
26.4.Магадлан итгэмжлэх байгууллага магадлан шинжилгээ хийх ажлыг гэрээний үндсэн дээр явуулах бөгөөд гэрээнд өөрөөр заагаагүй бол буруу дүгнэлт гаргаснаас учирсан хохирлыг өөрийн хөрөнгөөр бүрэн хариуцна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Боловсролын удирдлага

27 дугаар зүйл. Боловсролын удирдлагын тогтолцоо

27.1.Боловсролын удирдлага нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, боловсролын байгууллагын болон түүний өөрийн удирдлагаас бүрдэнэ.
27.2.Боловсролын арга зүйн удирдлагыг энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан чиг үүрэг бүхий эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, аймаг, нийслэлийн боловсролын төв хэрэгжүүлнэ.

28 дугаар зүйл. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

28.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
28.1.1.боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах;
28.1.2.боловсролыг хөгжүүлэх ойрын болон хэтийн төлөвлөгөө, дүрэм, журам, үзэл баримтлал, үндсэн чиглэл, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх;
28.1.3.мэргэжлийн анхан, дунд, дээд боловсролын мэргэжлийн чиглэлийг тогтоох;
28.1.4.бүх шатны боловсролын стандарт, норм, норматив боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;
28.1.5.иргэнд албан болон албан бус сургалтаар боловсрол эзэмшүүлэх, мэргэжил олгох, түүний боловсрол, мэргэшлийг дээшлүүлэх талаар бусад байгууллагаас зохиож байгаа ажлыг төрийн захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах, зохицуулах;
28.1.6.удирдах ажилтан, багшийг нэгдсэн бодлого, тодорхой чиглэлээр бэлтгэх, давтан сургах, тэдний нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох дээд байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, энэ талаар гарсан шийдвэрийн биелэлтийг хангах;
28.1.7.цэцэрлэг, бүх шатны сургууль, боловсролын эрдэм шинжилгээ, мэргэжил, арга зүйн байгууллагыг зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгээр хангах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;
28.1.8.цэцэрлэг, бүх шатны сургуулийг аттестатчилах;
28.1.9.төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
28.1.10.боловсролын асуудлаар гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах, үр өгөөжийг дээшлүүлэх;
28.1.11.гадаадын их сургууль, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллагад хувийн болон байгууллагын зардлаар суралцах хүнд зуучлах, мэдээллийн нэгдсэн бүртгэлд хамруулах;
28.1.12.төрийн өмчийн их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн захирлыг томилох, чөлөөлөх;
28.1.13.аймаг, нийслэлийн боловсролын төвийг мэргэжлийн удирдлагаар хангах;
28.1.14. энэ хууль болон бусад хуульд заасан бүрэн эрх.

29 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

29.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
29.1.1.боловсролын асуудлаар тухайн шатны ба доод шатны Засаг даргын тайлан хэлэлцэж, чиглэл өгөх;
29.1.2.орон нутгийн харьяаллын боловсролын байгууллагыг хөгжүүлэх төлөвлөгөө батлах, биелэлтэд хяналт тавих;
29.1.3.зохих нормативыг үндэслэн боловсролын байгууллагын төсвийг баталж, түүний гүйцэтгэл, зарцуулалтад хяналт тавих;
29.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.

30 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

30.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
30.1.1.боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
30.1.2.иргэнд суурь боловсрол эзэмшүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэжил эзэмшүүлэх арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх;
30.1.З.орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллага байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг шийдвэрлэх,
30.1.4.батлагдсан төсвийг хуваарилан олгох, өөрийн орлогоо нэмэгдүүлэхэд нь боловсролын байгууллагад дэмжлэг үзүүлэх, тэдгээрийг хичээлийн болон дотуур байр, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, ном, сурах бичгээр хангах ажлыг зохион байгуулах;
30.1.5.төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
30.1.6.энэ хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу ерөнхий боловсролын сургууль байгуулахад тусгай зөвшөөрөл, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх;
30.1.7.багш, суралцагчийн нийгмийн баталгааг сайжруулах, тэдний хөдөлмөрийг бодитой үнэлж, шагнаж урамшуулах, бусад дэмжлэг үзүүлэх;
30.1.8.боловсролын байгууллагын үйл ажиллагаанд захиргааны хяналт тавих;
30.1.9.боловсролын тайлан, мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох байгууллагад гаргаж өгөх;
30.1.10.орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх;
30.1.11.боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын боловсролын асуудал эрхэлсэн нэгжийн болон боловсролын төвийн даргыг томилох, чөлөөлөх;
30.1.12.хуульд заасан бусад бүрэн эрх.

31 дүгээр зүйл. Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

31.1.Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
31.1.1.боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
31.1.2.хүүхдэд сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх, иргэнд суурь боловсрол нөхөн эзэмшүүлэх ажлыг захиргааны удирдлагаар хангах;
31.1.З.орон нутгийн өмчийн боловсролын байгууллага байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг аймаг, нийслэлийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;
31.1.4.энэ хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх;
31.1.5.цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, чөлөөлөх;
31.1.6.орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох;
31.1.7.батлагдсан төсвийг боловсролын байгууллагад хуваарилан хуульд заасан хугацаанд нь олгох, өөрийн орлогоо нэмэгдүүлэхэд боловсролын байгууллагад дэмжлэг үзүүлэх;
31.1.8.цэцэрлэгийг зориулалтын барилга байгууламжаар, ерөнхий боловсролын сургуулийг хичээлийн болон дотуур байраар хангах, дотуур байрны хүүхдийн хоол хүнсний хангамжийг зохих журмын дагуу шийдвэрлэх;
31.1.9.төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
31.1.10.багш, суралцагчийн нийгмийн баталгааг сайжруулах, тэдний хөдөлмөрийн үр дүнг бодитой үнэлж, шагнаж урамшуулах, бусад дэмжлэг үзүүлэх;
31.1.11. боловсролын мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох байгууллагад гаргаж байх;
31.1.12. хуульд заасан бусад бүрэн эрх.

32 дугаар зүйл. Баг, хорооны Засаг даргын бүрэн эрх

32.1.Баг, хорооны Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
32.1.1.сургуулийн өмнөх болон суурь боловсрол эзэмшүүлэх сургалтад харьяа айл өрхийн хүүхдийг хамруулах;
32.1.2.иргэдийн боловсрол эзэмшсэн байдалд судалгаа хийж, шаардлагатай асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
32.1.3.суурь боловсрол эзэмшээгүй иргэнд нөхөн эзэмшүүлэх ажил зохион байгуулах.

33 дугаар зүйл. Боловсролын сургалтын байгууллагын удирдлага

33.1.Өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагыг сургууль, цэцэрлэгийн зөвлөлийн болон удирдах зөвлөлийн саналыг харгалзан түүний үүсгэн байгуулагчийн томилсон захирал, эрхлэгч удирдана.
33.2.Захирал, эрхлэгч нь Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай болон Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
33.З.Боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч нь орон тооны байна.

З4 дүгээр зүйл. Боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлага

34.1.Боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлагыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт сургуулийн болон цэцэрлэгийн зөвлөл, их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд удирдах зөвлөл тус тус хэрэгжүүлнэ.
34.2.Цэрэг, цагдаагийн дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагад энэ хуулийн 34.1-д заасан заалт хамаарахгүй.

35 дугаар зүйл. Сургууль, цэцэрлэгийн зөвлөл

35.1.Сургууль, цэцэрлэгийн зөвлөл нь багш, ажилтан, сурагч, эцэг, эх, бусад байгууллагын төлөөлөлтэй байна. 9-11 гишүүнтэй сургууль, цэцэрлэгийн зөвлөлийг 3 жилийн хугацаагаар сонгоно.
35.2.Сургууль, цэцэрлэгийн зөвлөлд орох багш, ажилтан, сурагч, эцэг, эхийн төлөөллийг тэдгээрийн хамт олны хурлаас тус тус сонгоно.
35.3.Сургууль, цэцэрлэгийн зөвлөлд орох бусад байгууллагын төлөөл­лийг үүсгэн байгуулагчийн саналыг үндэслэн сургууль, цэцэрлэгийн нийт ажилтны хурлаас сонгоно.
35.4.Сургууль, цэцэрлэгийн зөвлөл нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
35.4.1.сургууль, цэцэрлэгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүү­лэхэд санал өгөх;
35.4.2.сургууль, цэцэрлэгийн дэг журам, дотоод зохион байгуулалтын хэлбэрийг тодорхойлох;
35.4.3.сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны тайлан хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх;
35.4.4.сургалтын ажлын чанар, түвшинг сайжруулах талаар сургууль, цэцэрлэгийн удирдлага болон үүсгэн байгуулагчид санал тавих;
35.4.5.захирал, эрхлэгчийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, дэмжлэг үзүүлэх;
35.4.6.багш, сурагч, ажилтны эрх ашгийг хамгаалах;
35.4.7.сурагчийн дүрэмт хувцасны загварыг тогтоох.
35.5.Сургууль, цэцэрлэгийн зөвлөл нь захирал, эрхлэгчийг томилох, чөлөөлөх асуудлаар үүсгэн байгуулагчид санал тавьж болно.
35.6.Сургууль, цэцэрлэгийн зөвлөл нь гишүүний бүрэн эрхийг зөвшөөрөх, зөвлөлийн даргыг сонгох, чөлөөлөх, үйл ажиллагаа явуулах журмыг хурлаараа баталж мөрдөнө.

36 дугаар зүйл. Удирдах зөвлөл

36.1.Удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагч, багш, суралцагч, төгсөгчийн төлөөлөлтэй байна. Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн удирдах зөвлөлийн төлөөллийг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиар зохицуулна.
36.2.Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 51-6О хувь нь үүсгэн байгуулагчийн төлөөлөл байна. Удирдах зөвлөлд орох үүсгэн байгуулагчийн төлөөллийг түүний шийдвэрээр томилно.
36.З.Удирдах зөвлөлд орох багш, суралцагчийн төлөөллийг хамт олны хурлаас сонгоно.
36.4.Удирдах зөвлөлийн гишүүнийг 3 жилийн хугацаагаар томилох буюу сонгоно. Жил бүр удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгийг өөрчилж болно.
36.5.Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. Удирдах зөвлөл бүрэн эрхийн хугацаанд жилд хоёроос доошгүй удаа хуралдаж, ээлжит бус хурлыг үүсгэн байгуулагч, зөвлөлийн дарга буюу гишүүдийн 1/З-ээс доошгүйн саналаар хуралдуулна. Захирал тодорхой асуудлаар удирдах зөвлөлийг хуралдуулах саналаа зөвлөлийн даргад тавьж болно.
36.6.Удирдах зөвлөл олонхийн саналаар шийдвэр гаргана. Зөвлөлийн даргыг удирдах зөвлөлөөс сонгоно.
36.7.Удирдах зөвлөл үйл ажиллагаандаа туслах үүрэг бүхий комисс, ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.
36.8.Удирдах зөвлөлд орсон үүсгэн байгуулагчийн төлөөлөл нь түүний бодлого, чиг үүргийг хэрэгжүүлнэ.
36.9.Удирдах зөвлөлийн даргыг үүргээ хангалтгүй биелүүлсэн, хууль тогтоомж зөрчсөн нь нотлогдсон, өөрөө чөлөөлөгдөхийг хүссэн үндэслэлээр хугацаанаас өмнө өөрчилж болно.
36.10.Үүсгэн байгуулагч удирдах зөвлөл, түүний гишүүнийг хангалтгүй ажилласан гэж үзвэл өөрийн төлөөллөө эгүүлэн татах, бусад гишүүний талаар сонгосон хамт олонд нь мэдэгдэх эрхтэй.
36.11.Удирдах зөвлөл дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
36.11.1.холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсролын байгууллагыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, дүрмийг батлах, өөрчлөх;
36.11.2.сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн нийт хэмжээг тогтоох;
36.11.З.хөрөнгө оруулалт, жилийн төсвийн хуваарилалтыг баталж, зарцуулалтад хяналт тавих;
36.11.4.сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоох;
36.11.5.сургуулийн үйл ажиллагааны тайлан хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх;
36.11.6.удирдах зөвлөлийн үйл ажиллагааны жилийн тайлан гаргаж үүсгэн байгуулагчид өгөх.
36.12.Удирдах зөвлөл нь захирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавьж болно.

37 дугаар зүйл. Боловсролын мэргэжлийн хяналт

37.1.Боловсролын мэргэжлийн хяналтыг боловсролын улсын хяналтын байгууллага, улсын байцаагч хэрэгжүүлнэ.
37.2.Боловсролын улсын хяналтын байгууллага нь боловсролын тухай хууль тогтоомж, бага, дунд болон мэргэжлийн боловсролын стандарт, сургалтын байгууллагын ажлын түвшин, түүнтэй холбогдсон норм, норматив, дүрэм, журмын хэрэгжилтэд мэргэжлийн хяналт тавина.
37.3.Боловсролын улсын хяналтын албаны дүрмийг Засгийн газар батална.

ТАВДУГААР БҮЛЭГ
Боловсролын эдийн засаг

З8 дугаар зүйл. Боловсролын төлөвлөлт, мэдээлэл

38.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага орон нутгийн захиргааны болон холбогдох бусад байгууллагын оролцоотойгоор боловсролын хөгжлийн ойрын болон хэтийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлнэ.
38.2.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын боловсруулсан төлөвлөгөө, арга зүйг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүрэг боловсролын ойрын болон хэтийн төлөвлөгөөтэй байна.
38.З.Цэцэрлэг, сургууль, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага тогтоосон норм, нормативыг үндэслэн зорилтот төлөвлөгөөтэй ажиллана.
38.4.Өмчийн аль ч хэлбэрийн боловсролын байгууллага хууль тогтоомжид заасан мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд нь үнэн зөв гаргаж боловсролын дээд шатны байгууллагад тайлагнана.

З9 дүгээр зүйл. Боловсролын санхүүжилт

39.1.Боловсролын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах хэмжээний төсвийг Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Боловсролын санхүүжилтэд улсын төсвийн жилийн орлогын 2О-иос доошгүй хувийг зарцуулна.
39.2.Боловсролын байгууллага нь улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс оруулах сургалтын төлбөр, хандив, хөнгөлөлттэй зээл, боловсролын байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого зэрэг санхүүгийн эх үүсвэртэй байна.
39.3.Боловсролын сургалтын байгууллага санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, багш, ажилтан, суралцагчийн нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн аж ахуйн үйл ажиллагаа явуулж болох бөгөөд түүнээс олсон орлогоо энэ хуульд заасан зориулалтын дагуу захиран зарцуулах эрхийг боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч эдэлнэ.
39.4.Боловсролын байгууллагын өөрийн орлогын хэмжээтэй холбоотойгоор улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээг багасгахыг хориглоно.
39.5.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, аймаг, нийслэлийн боловсролын төв нь улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв, судалгааны ажлын төслийн зардлаар санхүүжнэ.
39.6.Орой, эчнээ, түр, албан бус арга, хэлбэрээр сургалт явуулах зардлыг тухайн орон нутгийн төсвөөс гаргана.
39.7.Суралцагчид хөнгөлөлттэй зээл олгох, буцалтгүй тусламж үзүүлэх зорилгоор сургалтын төрийн сан байгуулж ажиллуулна. Сангийн хөрөнгийг зарцуулах журмыг Засгийн газар тогтооно.
39.8.Олон нийтийн үүсгэл санаачилгаар аймаг, нийслэл, сум, дүүрэгт боловсрол хөгжүүлэх сан байгуулж болно.
39.9.Боловсролд зориулсан төсвийн болон сангийн хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.
39.10.Боловсролын сургалтын байгууллага үүсгэн байгуулагчаас өөрт нь нийлүүлсэн болон тухайн сургалтын байгууллагын үйл ажиллагааных нь явцад бий болсон хөрөнгийг өөрийн үндсэн үйл ажиллагааны зорилго, дүрэм, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээнд нийцүүлэн зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах үүрэгтэй.

40 дүгээр зүйл. Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилт

40.1.Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагыг тогтмол болон нормативт зардлаар санхүүжүүлнэ.
40.2.Их сургууль, дээд сургууль, коллежийн тогтмол зардлыг улсын төвлөрсөн төсвөөс, ерөнхий боловсролын сургуулийн тогтмол болон дотуур байрны нийт зардал, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох нормативт зардлыг улсын төсвөөс тус тус санхүүжүүлнэ.
40.3.Бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын норматив, дээд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох зардлын жишгийг сургуулийн байршил, хэв шинж болон мэргэжлийн төрлөөр Засгийн газар жил бүр тогтооно.
40.4.Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
40.4.1.цэцэрлэгт орон нутгийн төсөв, эцэг, эх, асран хамгаалагчаас өгөх төлбөр, өөрийн үйл ажиллагааны орлого;
40.4.2.ерөнхий боловсролын сургуульд орон нутгийн төсөв, өөрийн үйл ажиллагааны орлого;
40.4.З.мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв, өөрийн үйл ажиллагааны орлого;
40.4.4.их сургууль, дээд сургууль, коллежид улсын төвлөрсөн төсөв, сургалтын төлбөр, эрдэм шинжилгээний төсөлт ажлын болон өөрийн үйл ажиллагааны орлого;
40.4.5.Цэрэг, цагдаагийн дээд боловсрол эзэмшүүлэхтэй холбоотой зардлыг төр хариуцна.
40.5.Энэ хуулийн 40.4-т заасан төрийн өмчийн боловсролын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэрт улсын төвлөрсөн буюу орон нутгийн төсвийн хөрөнгө болон бусад орлогын зохистой харьцааг боловсролын болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно.

41 дүгээр зүйл. Төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилт

41.1.Төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр нь үүсгэн байгуулагчийн хөрөнгө, нэг сурагчид ногдох хувьсах зардлын төсвөөс санхүүжүүлэх хэсэг, су

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  10 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?