НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 01 сарын 17 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5687602
Зочин: 10
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Бага, дунд боловсролын сургалтанд хэрэглэх сурах бичгийн талаар баримтлах чиглэл
Нийтэлсэн: 
Огноо: 2003-03-03
Гэгээрлийн сайдын 1998 оны 148 тоот тушаалын нэгдvгээр хавсралт

БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТАНД ХЭРЭГЛЭХ СУРАХ БИЧГИЙН
ТАЛААР БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ

Нэг. Ерөнхий үндэслэл

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр (1996-2000 он), Боловсролын салбарт 1997-2005 онд хийх өөрчлөлтийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх нэг гол нөхцөл нь хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн талаар баримтлах чиглэл (цаашид сурах бичгийн талаар баримтлах чиглэл гэнэ)-ийг нарийвчлан тодорхойлох явдал юм.

Иргэдэд боловсрол эзэмшүүлэх нийгмийн хэрэглүүр нь сургалт бөгөөд энэ утгаараа өнөөгийн сургалт нь хүн төрөлхтний болон өөрийн ард түмний боловсруулсан оюуны болон материаллаг баялаг бий болгох, сэргээн үйлдвэрлэх, арвижуулах, эдлэх ур ухааныг суралцагчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн эзэмшүүлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг хэвшүүлэх үйл ажиллагааны зохион байгуулалтын тогтолцоо юм. Сургалтын тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг нь сургалтын хэрэглэгдэхүүний тухай асуудал болно.

Сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, хангах асуудлыг сургалтын тогтолцооны бусад бүрэлдэхүүн хэсгүүд болох сургалтын зорилго, агуулга, хэлбэр, арга, үр дүнгийн харилцан уялдаа холбоонд авч үзэж зохион байгуулна.

Сургалтын хэрэглэгдэхүүнийг нэг талаас, суралцагчид тухайн үйлийн төрөл хэлбэрийг зүгширтэл эзэмших үйл ажиллгааны удирдамж, нөгөө талаас, материаллаг нөхцөл, сэтгэл зүйн орчны харилцан шүтэлцээ бүхий нэгдэл гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, сургалтын арга зүй нь үйлийн төрөл, хэлбэрийг зохих төвшинд эзэмшүүлэх шаардлагыг бүрэн хангасан ном, сурах бичиг, гарын авлага, хичээлийн хөтөлбөр, үзүүлэн тараах материал зэрэг сургалтын удирдамжийг нягтлан боловсруулахыг, мөн багаж төхөөрөмж, анги танхим, кабинет лабораторийн хангамж, эцэг эх, багш, сурагчдын нийцтэй харьцаа зэрэг материаллаг болон сэтгэл зүйн таатай орчин нөхцлийг бүрэн хангахыг тус тус шаардана. Сургалтын хэрэглэгдэхүүний нэг тал болох сурах бичиг нь суралцагчдын авъяас сонирхол, эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн, нас, бие, ажил, үйлийн онцлогт тохирсон, бодит зүйл ба хийсвэр загваруудыг оновчтой ашиглан материаллаг болон сэтгэцийн үйлийн хэлбэрүүд, сэтгэхүйн олон барилыг яв цав илэрхийлсэн, тэдний шинжлэн судлах үйл ажиллагаа болон бие даан суралцахад хүрэлцээтэй практик удирдамжын нэг төрөл болно.

Хоёр. Сурах бичгийн талаар баримтлах чиглэл

Сурах бичгийг бэлтгэх, хэвлэх, түгээх шинэ тогтолцоо бий болгохдоо дараахь чиглэлийг баримтална:

  1. Боловсролын эрхэм зорилгыг хэрэгжүүлэх болон боловсролын шинэ харилцааг бий болгоход шаардагдах өөрчлөлтүүд, тухайлбал, удирдлагын төвлөрөлийг сааруулах, бага, дунд боловсролын сургалтын агуулга, арга зүйг шинэчлэн хөгжүүлэх, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалтын орчинг бүрдүүлэхэд нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бага, дунд боловсролын стандартыг мөрдүүлэх, түүний хэрэгжилтэнд хяналт тавих хөндлөнгийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, багш бэлтгэх, багш нарын мэргэжил дээшлүүлэх тогтолцоог шинэчлэх, санхүүжилтийн механизмыг өөрчлөх, шударга, өрсөлдөөнт орчин бий болгох зэрэг боловсролын шинэ тогтолцооны суурь механизмуудыг бүрдүүлэх үйл ажиллагаатай нягт уялдуулах;
  2. Сурах бичгийн хэвлэлийн талаар баримтлах чиглэл нь ном хэвлэлийн үндэсний бодлогын салшгүй хэсэг байх;
  3. Сурах бичиг нь суралцагчдын ба багшийн гэсэн үндсэн хоёр төрөлтэй, мөн дасгал, тестийн болон бусад нэмэлт гарын авлагатай (цаашид сурах бичиг гэнэ) байх бөгөөд аль аль нь үндсэн ба сонгох гэсэн хувилбартай байна. Төрөөс суралцагчдийн болон багшийн үндсэн сурах бичгээр хангах асуудлыг хариуцахын зэрэгцээ сонгох сурах бичгийн нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  4. Сурах бичиг зохиохдоо сургалтын агуулга нь тухайн хичээлтэй холбоотой мэдлэгийн тогтолцоо, энэхүү мэдлэгийг үйлийн баримжаа болгосон үйл ажиллагааны тогтолцоо хоёрын нэгдэл байна гэдгийг үндэс болгож, мэдлэгийн шинжлэх ухааны төвшинг бууруулахгүйгээр энэхүү мэдлэгийг үйлийн баримжаа болгосон прагматик чадварын төвшинг дээшлүүлэх замаар сургалтын агуулгын хоёр тал болох мэдлэг, чадварын оновчтой харьцааг тогтоох чиглэлээр сургалтын шинэ арга зүйг хэрэгжүүлэх нөхцлийг хангах;
  5. Сурах бичгийн хэвлэлийн хуучин тогтолцоог өөрчлөн төрийн ба төрийн бус мэргэжлийн байгууллага, хүмүүс, гадаадын болон олон улсын төрөлжсөн байгууллага, сангууд, иргэдийн сонирхолыг зөв чиглүүлэх замаар сурах бичгийг зохиох, бүтээх, түгээх, борлуулах, үйл ажиллагаанд оролцох тэдний оролцоог нэмэгдүүлж, дэлхийн жишигт ойртсон, үндэсний онцлогийг тусгасан сурах бичгийн хэвлэлийн шинэ тогтолцоог бий болгох;
  6. Сургалтын агуулга, арга зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх үндсэн нөхцлийн нэг болох сурах бичиг (багшийн болон суралцагчийн)-ийн хэвлэлийн шинэ тогтолцоог төлөвшүүлэхдээ сургалтын материаллаг орчин, суралцагчдын эрэлт хэрэгцээ, хандлага, мэдлэг чадварын төвшин, багш нарын онол, арга зүй болон сэтгэл зүйн бэлтгэлийг тухай бүрд нь зөв үнэлж, цаг хугацаа, орон зай, нөөц боломжийг оновчтой сонгох үндсэн дээр тэдэнд бодит тусламжийг тасралтгүй, чанартай үзүүлж байх зарчим баримтлах;
  7. Сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан эцэг эх, асран хамгаалагчаас нь сурах бичиг ашиглалтын тодорхой хураамж авах үндсэн дээр сурагчдад үнэ төлбөргүй хэрэглүүлэхийн зэрэгцээ багш, сурагчид нь зах зээлээс өөрийнхөө эрэлтийн дагуу сонголт хийх, худалдан авах нөхцлийг үе шаттайгаар бүрдүүлэх;

Гурав. Сурах бичгийн хэвлэлийн тогтолцоо

Сургууль, цэцэрлэгийн өөрийн удирдлага, бага, дунд боловсролын стандартын биелэлтийг тогтоох хөндлөнгийн хяналт, багш нарыг бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх зэрэг шинэ тогтолцоонууд бүрэлдэн үйл ажиллагааных нь механизм төлөвшихийн хирээр сурах бичгийн хэвлэлийн шинэ тогтолцооны урьдчилсан нөхцлүүдийг иж бүрэн бүрдүүлэх замаар сурах бичгийн чанар тасралтгүй сайжирч, сургууль, суралцагч сурах бичгээ сонгож, хувилбарт сурах бичгүүд өрсөлдөж байдаг, хэрэглэгч болон нийлүүлэгчийн аль алинд нь эрсдэл багатай хэвлэлийн тогтолцооны дэвшилтэт загварыг бий болгоно.

Сурах бичгийн хэвлэлийн шинэ тогтолцоог бий болгохдоо сурах бичиг бэлтгэх удирдлага, зохион байгуулалтын шинэ бүтцийг бий болгох, үйл ажиллагааны оновчтой механизмыг бүрдүүлэх, эдийн засгийн болон хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, сурах бичгийн агуулга, арга зүйн төвшинг байнга тасралтгүй сайжруулах, сурах бичгийн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэржилтийн төвшинг дээшлүүлэх зэрэг зорилтуудыг шийдвэрлэнэ.

Сурах бичиг бэлтгэх, хэвлэх, түгээх удирдлага, зохион байгуулалтын шинэ бүтцийг бий болгох, үйл ажиллагааны оновчтой механизмыг бүрдүүлэх талаар:

  1. Сурах бичгийн талаар баримтлах бодлого, төлөвлөлт, тэдгээрийн хэрэгжилтийг зохицуулах, мэдээлэл, хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх чиг үүргийг Монгол улсын Гэгээрлийн яам гүйцэтгэж, сурах бичгийн үндсэн захиалагч байна. Хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, сан зэрэг нь сурах бичгийн бусад захиалагчаар ажиллаж болно. Гэгээрлийн яам сурах бичгийн эх шалгаруулах, хэвлэлийн эх бэлтгэх, сурах бичгийг хэвлэх, түгээх тухай тусгай журам боловсруулан гаргах бөгөөд сурах бичгийн төслийн уралдааныг дүгнэх комисс томилж, шаардлагатай тохиолдолд зохиогчийг шалгаруулан ажиллуулна.
  2. Үндсэн болон бусад захиалагчтай байгуулсан гэрээг үндэслэн зохих журмын дагуу сурах бичгийн эх зохиолгох, хянан тохиолдуулах, зураг төсөл, чимэглэл хийх, хэвлэлийн эх бэлтгэх, сурах бичгийг турших, мэргэжлийн байгууллагаас санал дүгнэлт авах, туршилтын үр дүнг нэгтгэх, мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт гаргуулах, сурах бичгийн уралдаанд оролцож шийдвэр гаргуулах, хэвлүүлэх, түгээх чиг үүрэг бүхий сурах бичгийн хэвлэлийн газар (цаашид хэвлэлийн газар гэнэ) ажиллана. Хэвлэлийн газар нь сурах бичгийн бүх төрлөөр болон тодорхой нэг чиглэлээр төрөлжин бие даасан байдлаар буюу хэвлэх үйлдвэрийн бүрэлдэхүүнд ажиллана.
  3. Сурах бичгийн хэвлэлийн үйл ажиллагааны үе шатууд, Гэгээрлийн яамны оролцоо, үүрэг
    • Гэгээрлийн яамнаас гаргасан сурах бичгийн жагсаалт, сурах бичгийн тухай журмын дагуу үндсэн болон бусад захиалагчдын захиалгыг үндэслэн хэвлэн нийтлэлийн газарууд нь зохих журмын дагуу тухайн хичээлийн сурах бичгийг захиалсан тоогоор хэвлэх хүртлэх бүхий л үйл ажиллагааг гүйцэтгэн сургалтын агуулгын стандартад нийцсэн сурах бичгүүдийн хэвлэлийн эх бэлтгэж, сурах бичгийн уралдаан (тендер)-д оруулахаар Гэгээрлийн яаманд ирүүлнэ.
    • Хэвлэлийн газруудаас ирүүлсэн сурах бичгийн төсөл ба холбогдох бусад материалыг Гэгээрлийн яамнаас томилсон комисс судлан уралдааныг дүгнэж, сурах бичгийг шалгаруулна.
    • Уралдааны дүнг үндэслэн Гэгээрлийн яам уралдаанд шалгарсан тухайн хичээлийн сурах бичгүүдийг сургалтанд хэрэглэх, эсэх тухай шийдвэр гаргана. Уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн сурах бичгийг “үндсэн”, сургалтанд хэрэглэж болох тухай шийдвэр гарсан бусад сурах бичгүүдийг “сонгох” сурах бичиг гэж тус тус нэрлэнэ.Тодорхой сурах бичгүүдийн хувьд суралцагчдад эрхийн бичиг хуваарилах замаар сурах бичгийн чанар сайжрах, олон хувилбарт сурах бичгүүд бодитойгоор өрсөлдөх нөхцлийг үе шаттайгаар хангана. Энэ тохиолдолд сурах бичгийг “үндсэн” ба “сонгох” гэж ялгаж нэрлэхгүй.
    • Гэгээрлийн яам нь уралдаанд шалгарсан үндсэн сурах бичгийн захиалагч болж түүний хэрэглэх хугацаа, хэвлэх тоо, зардал, түгээх арга хэлбэр болон бусад нөхцлийг нарийвчлан тодорхойлсон гэрээг тухайн сурах бичгийн төслийг оруулж ирсэн хэвлэлийн үйлдвэр буюу бие даасан хэвлэлийн газартай байгуулна. Уралдаанд хэвлэлийн газартай хэвлэх үйлдвэр шалгарсан бол сурах бичгийг өөрийн үйлдвэртээ хэвлэх бөгөөд хэрэв бие даасан хэвлэлийн газар шалгарсан бол тухайн хэвлэлийн газар нь сурах бичгийг хэвлэх үйлдвэрийг сонгож хэвлүүлнэ. Сонгох сурах бичгийг хэвлэх, түгээх асуудлыг хэвлэлийн газар нь бусад захиалагчтай гэрээ байгуулж шийдвэрлэнэ.
  4. Сурах бичгийн хэвлэлийн үйл ажиллагаанд төр, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, тэдэнд дэмжлэг үзүүлнэ. Эдийн засгийн болон хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх талаар:
    1. Хүүхдийн цэцэрлэг ба ерөнхий боловсролын сургуулийн үндсэн сурах бичгийг хэвлэх, түгээх болон сурах бичгийн эрхийн бичигт шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төр хариуцан санхүүжүүлнэ.
    2. Зах зээлд өрсөлдөх чадвартай хэвлэлийн газруудтай үйлдвэрүүд болон бие даасан хэвлэлийн газрууд шинээр үүсэхэд нь дэмжлэг үзүүлж, сурах бичгийн нийлүүлэлтийг маркетингийн судалгаанд үндэслэсэн хэвлэн нийтлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа болгон төлөвшүүлнэ.
    3. Сурах бичгийн зохиогч, зураач, загвар зохион бүтээгч, эх бэлтгэгч, хянан тохиолдуулагч, менежер, шинжээч, сурах бичгийн арга зүйч зэрэг хэвлэн нийтлэлийн үндэсний мэргэжилтнүүдийг тодорхой бодлого, үе шаттайгаар бэлтгэнэ.
  5. Сурах бичгийн агуулга, сургалтын арга зүйн төвшинг дээшлүүлэх талаар:
    1. Сурах бичгийн агуулга, арга зүй нь сургалтын шинэчилсэн агуулгын бодлогод нийцсэн, бага, дунд боловсролын агуулгын болон үнэлгээний стандартын шаардлагыг хангасан байна.
    2. Суралцагчдын боловсролын эрэлт хэрэгцээг хангах төвшинд сургалтын агуулгыг эзэмшүүлдэг байхаар сургалтын арга зүйг шинэчлэх, суралцагчдын болон нийгмийн тасралтгүй өөрчлөгдөх эрэлт хэрэгцээг хангах нийлүүлэлтийн гол механизм болгох, багшид сургалтын үйл ажиллагааг удирдах менежерийн ур чадвар эзэмшүүлэх чиглэлээр мэргэжлийг нь дээшлүүлэх зэрэг шинэ шаардлагын дагуу сурагчийн болон багшийн номын агуулга арга зүйд дэвшил гаргана.
    3. Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг нь өөрийн бүтэц, хэв шинждээ нийцүүлэн багш, суралцагчдынхаа авъяас сонирхол, эрэлт хэрэгцээг хангахуйц үндсэн болон сонгох сурах бичгийн идэвхтэй ашиглагдах эргэлт бүхий номын санг бүрдүүлнэ. Дөрөв. Сурах бичгийн талаар баримтлахчиглэлийн хэрэгжилтийн шалгуур
    Сурах бичгийн талаар баримтлах чиглэлийн хэрэгжилтийг дараахь шалгуур, үзүүлэлтээр үнэлнэ:
    1. Бага, дунд боловсролын сургалтын агуулгын талаар баримтлах чиглэл болон сургалтын агуулгын ба үнэлгээний стандартын шаардлагад нийцсэн байдал;
    2. Сурах бичгийн чанарын болон үр ашгийн үзүүлэлтүүдийн өөрчлөлт;
    3. Сургалтын агуулга, арга зүйн шинэчлэлийн төвшингийн өөрчлөлт;
    4. Үндсэн сурах бичгийн хангамж, хүрэлцээ болон хувилбарт сурах бичгүүд(үндсэн ба сонгох)-ийн хэрэглээний үзүүлэлтүүдийн харьцаа;
    5. Сурах бичгийн хэвлэн нийтлэлийн тогтвортой, найдвартай ажиллагаа бүхий шудрага өрсөлдөөнт орчинд нийцсэн бүтэц, зохион байгуулалтын шинэ тогтолцоо бий болсон байдал;
    6. Сурах бичгийн үндэсний мэргэжилтэн (зохиогч, зураач, загвар зохион бүтээгч, эх бэлтгэч, хянан тохиолдуулагч, менежер, шинжээч, арга зүйч зэрэг)-г шинээр бэлтгэсэн байдал, тэдний мэргэшлийн төвшин; 7. Сурах бичгийн эрэлт нийлүүлэлтийн төвшингийн өөрчлөлт;
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  1 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?