НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 07 сарын 24 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6234220
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
Бага, дунд боловсролын тухай хууль
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2006-09-12

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: Нийтлэг үндэслэл
ХОЁРДУГААР БҮЛЭГ:Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын агуулга
ГУРАВДУГААР БҮЛЭГ: Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллага
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ: Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагын зохион байгуулалт
ТАВДУГААР БҮЛЭГ: Цэуэрлэг, сургуулийн удирдлага
ЗУРГАДУГААР БҮЛЭГ: Цэцэрлэгийн багш
ДОЛДУГААР БҮЛЭГ: Бусад зүйл

1995 оны зургадугаар Улаанбаатар хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь иргэдэд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Бага, дунд боловсролын тухай хууль тогтоомж

Бага, дунд боловсролын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтооомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын зорилго

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын зорилго нь иргэдэд ерөнхий, техникийн болон мэргэжлийн анхан, дунд шатны боловсрол, мэргэжил эзэмших, хүмүүнлэгийн ёсонд суралцах замаар хувь хүн төлөвших, авьяас чадвараа нээн илрүүлэх, амьдралд бэлтгэхэд нь үйлчилхэд оршино. /1998 оны 7-р сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

ХОЁРДУГААР БҮЛЭГ
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН АГУУЛГА

4 дүгээр зүйл. Сургуулийн өмнөх боловсролын агуулга

Сургуулийн өмнөх боловсролын агуулга нь хүүхдэд дараахь мэдлэг, чадвар, дадал төлөвшихөд чиглэнэ:
1/бие бялдрын хувь эрүүл чийрэг, хэл яриа, хараа, сонсгол хэвийн, үндсэн хөдөлгөөн (алхах, гүйх, харайх)-үүдийг зөв гүйцэтгэдэг, ариун цэвэр, эрүүл ахуйн анхны хэвшилтэй болгох;
2/оюун ухаан, сэтгэх бодох чадварыг хөгжүүлэх, хүмүүнлэг ёс, байгалийн юмс, үзэгдлийн талаар анхдагч зөв ойлголт олгох;
3/хүрээлэн байгаа байгаль орчин, ан амьтан, эд юмс, үйл явдлыг дүрслэн зурах, урлан бүтээх, дуулах, хөгжимдөх, бүжиглэх талаархи анхны төсөөлөлтэй болгох;
4/эцэг, эх, дүү бусад хүмүүсийг хүндэтгэх, эелдэг харьцах, сайн, мууг ялгах чадвартай болгох;
5/бие даасан чанарыг нь хөгжүүлэх;
6/бага боловсрол эзэмшихэд бэлтгэж, санаа бодлоо зөв илэрхийлэх бусдыг ойлгох, өөртөө үйлчлэх дадал, чадвартай болгох;

5 дугаар зүйл. Бага боловсролын агуулга

Бага боловсролын агуулга нь суралцагчдад дараахь мэдлэг, чадвар, дадал, зөв хүмүүжил эзэмшихэд чиглэнэ:
1/эх хэлээрээ зөв ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэх, уншиж, бичих;
2/тоог дөрвөн үйлдлээр бодох, түүнийг өдөр тутмын амьдрал ахуйн тооцоонд хэрэглэх;
3/байгаль, хүрээлэн байгаа орчны үзэгдэл юмсын талаар зохих мэдлэг олгох;
4/гоо зүй, үндэсний дэвшилт ёс заншил, соёлын өв уламжлал, хүмүүнлэгийн ёс заншил, эрүүл ахуйн талаар зохих мэдлэг, дадал олгох;
5/өөрийн болон бусдын хөдөлмөрийг хүндэтгэх, үнэнч шударга, хамтач байдлыг эрхэмлэх үзэлтэй болгох;

6 дугаар зүйл. Суурь боловсролын агуулга

Суурь боловсролын агуулга нь суралцагчдад дараахь мэдлэг, чадвар, дадал, хүмүүжил эзэмшихэд чиглэнэ:
1/эх хэл болон гадаад хэл, шинжлэх ухааны суурь мэдлэг эзэмшүүлж, түүний үндсэн дээр өөрийн авъяас, чадвараа цаашид хөгжүүлж бие даан амьдрахад шаардлагатай мэдлэг, чадвар, дадлыг олгох;
2/гоо зүй, ёс суртахууны соёлтой, эрүүл чийрэг, иргэний үүргээ ухамсарласан, үнэнч шударга, хамтач, энэрэнгүй, эх оронч, хууль ёсыг дээдлэн сахидаг, үндэсний болон хүн төрөлхтөний дэвшилт ёс заншил, соёлын үнэт зүйлсийг хүндлэн хайрлах үзлээр хүмүүжүүлэх;
3/гэр бүлийн амьдралын анхан шатны ойлголт, эр эмийн ёс, эрүүл ахуйн соёлын төсөөлөлтэй болгох;

7 дугаар зүйл. Бүрэн дунд боловсролын агуулга

  1. Ерөнхий боловсролын сургуулиар олгох бүрэн дунд боловсролын агуулга нь суралцагчдад дараахь мэдлэг, чадвар, дадал эзэмшихэд чиглэнэ:
    1/байгалийн ухаан, нийгэм, хүмүүнлэгийн үндсэн ойлголт, хуулиудыг танин мэдүүлэх;
    2/эх хэлээрээ утга төгөлдөр найруулж бичих, ярих чадвар олгох, гадаад хэлний зохих мэдлэгтэй болгох;
    3/мэргэжлийн чиг баримжаа олгож бие даан амьдарч, хөдөлмөрлөхөд бэлтгэх;
    4/бие бялдраа хөгжүүлж, эрүүл аж төрөх ёсыг сахидаг, гэр бүлийн болон амьдрал ахуйгаа зөв хөтлөх арга барилд сургах, эх оронч, хууль ёсыг дээдлэн сахидаг үзэл төлөвших;
  2. Техникийн болон мэргэжлийн сургуулиар олгох бүрэн дунд боловсролын агуулга нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас гадна суралцагчдад техникийн болон мэргэжлийн анхан, дунд шатны боловсрол, мэргэжил эзэмшихэд чиглэнэ.

8 дугаар зүйл. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх хугацаа

  1. Сургуулийн өмнөх боловсролыг хүүхдэд төрсөн цагаас нь ерөнхий боловсролын сургуульд орох хүртлэх хугацаанд эзэмшүүлнэ.
  2. Бага боловсролыг 4, суурь боловсролыг 8, бүрэн дунд боловсролыг 10 жилд тус тус эзэмшүүлнэ.
    6-7 настай хүүхдийг тодорхой нөхцөл, бололцоо бүрдсэн ерөнхий боловсролын сургуульд анги, бүлгээр элсүүлэн суралцуулж болно.
    /1998 оны 7-р сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
  3. Суралцагч эзэмшвэл зохих боловсролыг тогтоосон хугацаанаас өмнө эзэмшсэн бол дараагийн ангид дэвшүүлэх буюу анги алгасуулан суралцуулж болно.
  4. Техникийн болон мэргэжлийн анхан, дунд шатны боловсрол эзэмшүүлэх хугацаа нь боловсролын түвшин, мэргэжлийн ялгаа онцлогоос хамааран 1-4 жил байна.

9 дүгээр зүйл. Бага, дунд боловсролын сурах бичиг

Бага, дунд боловсролын агуулгын стандартад нийцсэн олон хувилбартай сурах бичигтэй байна. Үндсэн сурах бичгийг зохиолгох, шинэчлэх, тэдгээрийг хэвлүүлэх ажлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлнэ. /1998 оны 7-р сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10 дугаар зүйл. Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг дүгнэх, тэдэнд олгох боловсролын баримт бичиг

  1. Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг дүгнэх үнэлгээний үлгэрчилсэн журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. /1998 оны 7-р сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
  2. 1998 оны 7-р сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсон.
  3. Боловсролын тухай хуульд заасны дагуу ерөнхий боловсрол эзэмшигчдэд суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг батламжилсан гэрчилгээ, үнэмлэх, техникийн болон мэргэжлийн анхан, дунд шатны боловсрол эзэмшигчдэд мэргэжлийн үнэмлэх олгоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА

11 дүгээр зүйл. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагын тогтолцоо

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагын тогтолцоо нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, техникийн болон мэргэжлийн сургууль (цаашид "цэцэрлэг, сургууль" гэх)-иас бүрдэнэ.

12 дугаар зүйл. Цэцэрлэг

  1. Цэцэрлэг нь 2-оос дээш насны хүүхдэд бие сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдлэг, чадвар, дадал эзэмшихэд нь туслах, асрах, үүрэг бүхий хүмүүжил-сургалтын байгууллага мөн.
  2. Цэцэрлэг нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын үлгэрчилсэн хөтөлбөрийн дагуу хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын агуулгыг эзэмшүүлнэ.
  3. Цэцэрлэг нь аж ахуйн нэгж, байгууллагын бүтцийн нэгж хэлбэрээр байж болно.
  4. Цэцэрлэг нь боловсролын эрдэм шинжилгээ арга зүйн байгууллагаас зөвшөөрөл авч нэмэлт сургалт явуулж болно.
  5. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг хамран сургах тойргийнхоо цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулах, эцэг, эх асран хамгаалагчдад мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
  6. Асрамжийн болон сувиллын цэцэрлэгт мөрдөх журмыг боловсролын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.
  7. Цэцэрлэгт цэцэрлэгийн эрхлэгч, багш, багшийн туслах ажиллана.
  8. Асрамжийн болон сувиллын цэцэрлэгт эмч ажиллаж болно.

13 дугаар зүйл. Ерөнхий боловсролын сургууль

  1. Ерөнхий боловсролын сургууль нь стандартаар тогтоосон бага суурь, бүрэн дунд ерөнхий боловсрол эзэмшихэд нь үйлчлэх боловсролын сургалтын байгууллага мөн.
  2. Ерөнхий боловсролын сургуулийг эзэмшүүлэх боловсролын түвшинг харгалзан бага, дунд, ахлах сургууль гэж ангилна.
  3. Ерөнхий боловсролын сургууль нь салбар, анги бүлэгтэй байж болно.
  4. Ерөнхий боловсролын сургууль нь эцэг, эх, асран хамгаалагч, суралцагчийн хүсэлт, захиргааны санаачилгаар гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалт зохион байгуулж болно.
    Гүнзгийрүүлсэн болон төрөлжсөн сургалт явуулснаас үүсэх нэмэгдэл зардлыг эцэг, эх, асран хамгаалагчаас авах төлбөрөөр нөхөж болно.
  5. Гүнзгийрүүлэн сургах сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, зохион байгуулах хэлбэрийг сургуулийн сурган хүмүүжүүлэх зөвлөлийн саналыг үндэслэн удирдах зөвлөл батална. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгогдсон байгууллагаар зөвшөөрөгдсөн байна.
  6. Гүнзгийрүүлсэн буюу төрөлжүүлсэн сургалтыг мэргэжлийн зэрэгтэй багш удирдана.
  7. Ерөнхий боловсролын сургуульд 8 настай хүүхдийг элсүүлнэ.
    Үүсгэн байгуулагчаас тогтоосон хяналтын тоонд багтаан 7 настай хүүхдийг элсүүлж болно.
  8. Ерөнхий боловсролын сургууль нь сургууль завсардсан хүүхэд болон насанд хүрэгчдэд орой, эчнээ, түр, албан бус арга хэлбэрээр бага, суурь, бүрэн дунд боловсрол, мэргэжил эзэмшүүлэх сургалт явуулж болно.
  9. Орой, эчнээ, түр, албан бус арга хэлбэрээр сургалт явуулах зардлыг тухайн орон нутгийн төсвөөс гаргана. /1998 оны 7-р сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
  10. Ерөнхий боловсролын сургуульд захирал, хичээлийн эрхлэгч, багш ажиллана.
    Суралцагчийн тооноос хамааран хичээлийн эрхлэгчгүй байж болно.
    Багш хүрэлцэхгүй тохиолдолд багшийн туслах ажиллуулж болно.

14 дүгээр зүйл. Ерөнхий боловсролын тусгай сургууль

  1. Ерөнхий боловсролын тусгай сургууль нь сургуулийн насны хэлгүй, дүлий, хараагүй болон оюун ухааны хомсдолтой хүүхдэд хөнгөрүүлсэн хөтөлбөр, арга хэлбэрээр бага, суурь, бүрэн дунд ерөнхий боловсрол эзэмшүүлэх сургалт-хүмүүжлийн байгууллага мөн.
  2. Ерөнхий боловсролын тусгай сургуулийн хамран сургах тойргийг тогтоох, аймаг, нийслэл сум, дүүрэгт салбар бүлэг ажиллуулах, элсэлтийг зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
    Ерөнхий боловсролын сургуульд оюуны хомсдолтой хүүхдэд бага, суурь, ахлах боловсрол тусгайлан олгох анги нээн хичээллүүлж болно. /1998 оны 7-р сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
  3. Тусгай сургуулиудыг мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий төв сургууль ажиллаж болно. Төв сургууль нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд ажиллана.
    /1998 оны 7-р сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
  4. Ерөнхий боловсролын тусгай сургуульд захирал, хичээлийн эрхлэгч, багш, эмч ажиллана.
    Төв сургуульд орон тооны арга зүйч, эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж болно.
  5. Ерөнхий боловсролын тусгай сургууль сургалт-үйлдвэрлэлийн дадлагын газартай байна.

15 дугаар зүйл. Ерөнхий боловсролын төрөлжүүлсэн буюу гүнзгийрүүлсэн сургалтын сургууль

  1. Ерөнхий боловсролын төрөлжүүлсэн буюу гүнзгийрүүлсэн сургалттай сургууль нь ерөнхий боловсролын стандартаас илүү агуулга, хөтөлбөрийн дагуу суралцагчийн авъяас, чадварыг хөгжүүлэх зорилготой боловсролын байгууллага мөн.
  2. Ерөнхий боловсролын төрөлжүүлсэн буюу гүнзгийрүүлсэн сургалттай сургууль нь суралцагчдад стандартаар тогтоосон боловсролыг заавал эзэмшүүлнэ.
  3. Төрөлжүүлсэн буюу гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг тухайн сургуулийн сурган хүмүүжүүлэх зөвлөлийн саналыг үндэслэн удирдах зөвлөл батална.
    Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу түүнээс эрх авсан байгууллагар зөвшөөрөгдсөн байна.
  4. Төрөлжүүлсэн буюу гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль нь сургалтын ажлыг зохион байгуулах, өвөрмөц арга, технологи бий болгох зорилгоор судалгаа, шинжилгээний ажил явуулж болно.
    Энэ тухай тайланг боловсролын эрдэм шинжилгээ арга зүйн төв байгууллагад хичээлийн жил бүр гаргаж өгнө.
  5. Төрөлжүүлсэн буюу гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль элсэлт явуулах журмаа өөрөө тогтооно. Элсэлт нь нээлттэй байна.
  6. Гүнзгийрүүлсэн буюу төрөлжсөн сургалт явуулснаас үүсэх нэмэгдэл зардлыг эцэг, эх, асран хамгаалагчаас авах төлбөрөөр нөхөж болно. Төлбөрийн хэмжээг сургуулийн удирдах зөвлөл тодорхойлно.
    /1998 оны 7-р сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
  7. Ерөнхий боловсролын төрөлжүүлсэн буюу гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд энэ хуулийн 13 дугаар зүйлийн 7, 8, 9, 10 дахь хэсэг хамаарна.

16 дугаар зүйл. Техникийн болон мэргэжлийн сургууль

  1. Техникийн болон мэргэжлийн сургууль нь суралцагчдад техник, технологи, мэргэжлийн анхан, дунд шатны боловсрол, мэргэжил эзэмшүүлэх сургалт-үйлдвэрлэлийн буюу үйлдвэрлэл-сургалтын байгууллага мөн.
  2. Техникийн болон мэргэжлийн сургууль бүрэн дунд ерөнхий боловсрол эзэмшүүлж болно.
  3. Техникийн болон мэргэжлийн сургууль өдөр, орой, эчнээ сургалттай байж болно.
  4. Техникийн болон мэргэжлийн сургууль сургалт үйлдвэрлэлийн дадлагын газартай байна.
  5. Ерөнхий боловсролын зэрэгцээ мэргэжил эзэмшүүлдэг төрөлжсөн мэргэжлийн дунд сургууль байж болно.
  6. Техникийн болон мэргэжлийн сургуульд суурь, эсхүл бүрэн дунд ерөнхий боловсролын буюу түүнтэй адил түвшний боловсролтой иргэдийг элсүүлэн сургана.
  7. Мэргэжлийн болон техникийн сургуульд захирал, хичээлийн эрхлэгч, багш ажиллана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН
БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТЫН АЖЛЫН ЗОХИОН
БАЙГУУЛАЛТ

17 дугаар зүйл. Цэцэрлэг, сургуулийн хичээлийн жилийн эхлэх,үргэлжлэх, дуусах хугацаа

  1. Цэцэрлэг, сургуулийн хичээлийн жил нь 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ.
  2. Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах болон улсын шалгалт авах хугацааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
  3. Нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг боловсролын асуудал, эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга, техникийн болон мэргэжлийн сургуулийнхийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага өөрчилж болно.
    Нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос хамааран цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг өөрчлөх зөвшөөрөл авах хүсэлтийг хичээлийн жил эхлэхээс 6 сарын өмнө боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдсэн байвал зохино. /1998 оны 7-р сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
  4. Хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах болон суралцагчдын амралтын хугацааг энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад нөхцөлд өөрчлөх, хичээлийг түр хугацаагаар хаахыг хориглоно.

18 дугаар зүйл. Цэцэрлэг, сургуулийн сургалтын ажлын зохион байгуулалт

  1. Цэцэрлэгийн сургалтын ажлыг бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгээр зохион байгуулж явуулна. Хүүхдийн тоо хүрэлцэхгүй тохиолдолд холимог бүлгээр зохион байгуулж болно.
  2. Ерөнхий боловсрол, техникийн болон мэргэжлийн сургуулийн сургалтын ажлыг анги, бүлгээр зохион байгуулна.
    Гадаад хэл, мэргэжлийн сургалт дадлага, төрөлжүүлсэн буюу гүнзгийрүүлсэн сургалтыг дэд бүлэг, хэсгээр зохион байгуулж болно.
  3. Цэцэрлэг, сургуулийн нэг ангид байх хүүхдийн тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
  4. Ерөнхий боловсрол, техникийн болон мэргэжлийн сургуулийн долоо хоногт хичээллэх цагийн тоо, нэг хичээлийн үргэлжлэх хугацаа, завсарлагааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

19 дүгээр зүйл. Сургуулийн дэг

  1. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч дүрэмт хувцастай байна.
    Суралцагчийн дүрэмт хувцасны загварыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож, ерөнхий боловсролын сургууль нь уг загварыг үндэслэн дүрэмт хувцасны өнгө, материалыг сонгож хэрэглэнэ. /1998 оны 7-р сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
  2. Ерөнхий боловсролын сургууль, техникийн болон мэргэжлийн дунд сургуулийн суралцагч сургалтын ажилдаа мөрдөх дүрэмтэй байна.
    Суралцагчийн үлгэрчилсэн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

20 дугаар зүйл. Хичээлээс гадуурхи сургалтын ажил

  1. Хичээлээс гадуурхи сургалтын ажил нь суралцагчдын танхимд эзэмшсэн мэдлэг, чадварыг батжуулан баяжуулах, тэдний авъяас, сонирхлыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэнэ
    /1998 оны 7-р сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
  2. Хичээлээс гадуурхи сургалтын ажлын үлгэрчилсэн хөтөлбөр, хуваарийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох мэргэжлийн болон олон нийтийн байгууллагатай хамтран тогтооно.
  3. Сургуулийн захиргаа нь хичээлээс гадуурхи сургалт-хүмүүжлийн ажлыг дугуйлан, түр сургалт, соёл, урлаг, спортын арга хэмжээ зэрэг хэлбэрээр үлгэрчилсэн хөтөлбөр, хуваарийн дагуу холбогдох байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, иргэдтэй хамтран зохион байгуулна.
  4. Ерөнхий боловсролын сургууль нь өөрийн онцлогийг харуулсан хүндэтгэлийн булантай байж болно. /1998 оны 7-р сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

ТАВДУГААР БҮЛЭГ
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН УДИРДЛАГА

21 дүгээр зүйл. Цэцэрлэг, сургуулийн удирдлага

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, бага, дунд сургуулийн захирлыг удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга батламжилна.
  2. Өмчийн бус өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, бага, дунд, бүрэн дунд, техникийн болон мэргэжлийн сургуулийн захирлыг удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн үүсгэн байгуулагч батламжилна. Эрхлэгч, захирлаар үүсгэн байгуулагч томилогдсон тохиолдолд эрхлэгч, захирлыг батламжлах асуудал үүнд хамаарахгүй.
  3. Төрийн болон орон нутгийн өмчийн техникийн болон мэргэжлийн сургуулийн захирлыг удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батламжилна
    /1998 оны 7-р сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
  4. Өмчийн бусад хэлбэрт үндэслэсэн ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль, техникийн болон мэргэжлийн сургуулийг аймаг, нийслэлийн Засаг даргын зөвшөөрлийн дагуу үүсгэн байгуулагчийн томилсон захирал удирдана.
  5. Цэцэрлэг, сургуульд удирдах зөвлөл, багш нарын зөвлөл, заах аргын нэгдэл ажиллана. Ерөнхий боловсролын сургуульд тэнхим ажиллаж болно.
  6. Цэцэрлэг, сургуульд эцэг, эх, асран хамгаалагчийн болон суралцагчдын байгууллага ажиллаж болно.
  7. Багш нарын зөвлөлийн үлгэрчилсэн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
  8. Заах аргын нэгдэл, тэнхимийн ажиллах журмыг цэцэрлэг, сургуулийн удирдах зөвлөл баталж мөрдүүлнэ./1998 оны 7-р сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

22 дугаар зүйл. 1998 оны 7-р сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсон.

23 дугаар зүйл. Цэцэрлэг, сургуулийн эрхлэгч, захирлын нийтлэг эрх, үүрэг

  1. Цэцэрлэг, сургуулийн эрхлэгч, захирал нь дараахь нийтлэг эрх эдэлнэ:
    1/боловсролын талаархи хууль, тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх;
    2/багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх;
    3/сурган хүмүүжүүлэх зөвлөл, улсын шалгалтын комиссын шийдвэрийг үндэслэн суралцагчдыг анги дэвшүүлэх болон алгасуулан суралцуулах, улируулах, сургууль төгсгөх, сургуулиас хасах, хөөх;
    4/суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, зохих байгууллагад сургалтын ажилтай холбогдох асуудлаар шаардлага тавьж шийдвэрлүүлэх;
    5/гадаадын болоод дотоодын цэцэрлэг, сургууль, аж ахуйн нэгж, байгууллагатай хууль тогтоомжийн дагуу гэрээ, хэлцэл хийж хамтран ажиллах;
    6/сургалтын ажлын дэвшилт арга, хэлбэрийг өөрийн сургууль дээр турших.
  2. Цэцэрлэг, сургуулийн эрхлэгч, захирал нь дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:
    1/боловсролын талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;
    2/цэцэрлэг, сургуулийг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах;
    3/цэцэрлэг, сургуулийг багш, ажилтнаар бэхжүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийг нь дээшлүүлэх;
    4/цэцэрлэг, сургуулийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах;
    5/цэцэрлэг, сургуулийн санхүү, нягтлан бодох бүртгэл, статистикийн мэдээ, тайланг хугацаанд нь үнэн зөв гаргах ажлыг зохион байгуулах;
    6/суралцагчдын авъяас, чадварыг хөгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх;
    7/багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих;
    8/хүүхдэд суурь боловсрол нөхөн эзэмшүүлэх, иргэдэд нийтийн боловсрол эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулах;
    9/багш, суралцагч, ажилтны хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ

24 дүгээр зүйл. Цэцэрлэг, сургуулийн багшийг бэлтгэх

  1. Цэцэрлэг, сургуулийн багшийг багш бэлтгэх их, дээд сургууль, коллежоор бэлтгэнэ.
  2. Багшийн мэргэжил эзэмшээгүй иргэнийг сурган хүмүүжүүлэх боловсрол олгох сургалтад хамааруулсны дараа багшлуулна.
  3. Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгоно.
  4. Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах тухай журмыг Засгийн газар тогтооно.

25 дугаар зүйл. Багшийн эрх, үүрэг

  1. Багш нь боловсролын тухай хуульд заасан үүргээс гадна дараахь үүрэг хүлээнэ:
    1/Үндсэн хууль, Боловсролын тухай болон холбогдох хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, удирдах зөвлөлийн шийдвэрийг мөрдөх, тэдгээрийг суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, иргэдэд сурталчлах, шавь нараа хуулийг хүндлэн дээдэлж, сахин биелүүлдэг үзлээр хүмүүжүүлэх;
    2/бага, дунд боловсролын стандартыг мөрдөж, заах арга, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх;
    3/сургалт-хүмүүжлийн ажлын баримт бичгийг зохих журмын дагуу хөтлөх, хичээлийн хуваарь, үргэлжлэх хугацааг мөрдөх;
    4/хичээлийн багш, суралцагчийн хамтын бүтээлч үйл ажиллагаа болгон зохион байгуулах, суралцагчийн сэтгэн бодох, бие даан ажиллах чадвар, дадалд сургах, тэдний мэдлэг, чадвар, дадлыг бодитой зөв үнэлэх;
    5/хүүхдийн авъяас, чадвар, сонирхлыг нээн илрүүлж, чиг зорилготой хөгжүүлэх, тэдний эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах, тэдэнд мэргэжлийн зөвлөлгөө, туслалцаа үзүүлэх;
    6/сургалт-хүмүүжлийн ажлын явцад эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын шаардлагыг хангах;
    7/бага насны хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн байдлыг хянаж, сургуулийн эмч болон эцэг, эх, асран хамгаалагчид нь шаардлагатай зүйлийг мэдээлэх.
  2. Багш нь боловсролын тухай хуульд заасан эрхээс гадна дараахь эрхийг эдэлнэ:
    1/сургууль болон багш, суралцагчдын сургалт хүмүүжлийн ажил, эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэх аливаа үйл ажиллагааг таслан зогсооход биечлэн оролцох, хориглох;
    2/сургалт-хүмүүжлийн ажлыг эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлыг хангасан орчинд жигд, тогтвортой явуулах нөхцөл бололцоогоор хангуулах;
    3/сурган хүмүүжүүлэх хөдөлмөрөө бодитой үнэлүүлэх, нийгмийн зохих хангамж, хөнгөлөлт эдлэх.

ДОЛДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

26 дугаар зүйл. Бага, дунд боловсролын тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

Бага, дунд боловсролын тухай хууль тогтоомж зөрчигчдөд Боловсролын тухай хуульд заасны дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

27 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Энэ хуулийг 1995 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

shinechleh heregtei
Олонжилийн өмнөх хууль хэрэггүй байнаа.шинэчилсэн,шинээр гарсан хуулийдыг тавих хэрэгтэй.Тэгэхгүй бол хүмүүс ч харанхуй хэвээрээ байна шүү дээ.

  7 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?